"Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр замыг ЗТЯ-ны эзэмшилд авах гэсэн Б.Дэлгэрсайханд дургүйцсэн С.Наранцогт алга болсон "800 вагон, 10 зүтгүүр"-ийн сургийг түүнээс хайж эхлэв

"Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр замыг ЗТЯ-ны эзэмшилд авах гэсэн Б.Дэлгэрсайханд дургүйцсэн С.Наранцогт алга болсон "800 вагон, 10 зүтгүүр"-ийн сургийг түүнээс хайж эхлэв

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт энэ сарын 06-нд /2025.02.06/ эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзан, мэдээлэл хуваалцсан юм.

-С.НАРАНЦОГТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” МӨНГИЙГ НЬ ТӨЛСӨН 800 ВАГОН, 10 ЗҮТГҮҮР БИЙ. ЭДГЭЭРИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ АВСАН. ОДОО ХААНА, ЮУНД АШИГЛАДАГ ЮМ БҮҮ МЭД-

Энэ үеэр тэрбээр “ “Эрдэнэс Тавантолгой” мөнгийг нь төлсөн 800 вагон, 10 зүтгүүр бий. Эдгээрийг Зам тээврийн яам авсан. Одоо хаана, юунд ашигладаг юм бүү мэд. Санхүүжилтийг нь гаргасан компани тухайн хөрөнгийнхөө ашиглалт, удирдлагыг мэддэг байх нь бизнесийн наад захын зарчим юм. Гэвч манай улсад ийм биш тул дахин хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК санхүүжилтээр барьсан төмөр замыг ч 100 хувь “Эрдэнэс Монгол” нэгдэл рүү шилжүүлэх ёстой” гэсэн ноцтой мэдэгдлийг хийсэн.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мөнгөөр худалдан авсан 800 вагон, 10 зүтгүүр хаачсан бэ гэдэг асуулт эндээс гарч байгаа юм.  Энэ тухай бичихийн тулд Засгийн газрын 2019 оны долдугаар сард гаргарсан 304 тогтоолыг тодотгох ёстой. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж, 2021 онд ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан.

Энэ хүрээнд төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, тус компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлсэн юм. 

Нэгэнтээ "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн 66 хувийг эзэмшсэн учраас  "Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн хугацаанд мөнгөө гаргаад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгасан. Гэтэл эдний эзэмшилд байх 800 вагон, 10 зүтгүүрийн сураг алдарсан гэж С.Наранцогт захирлын ярианаас ойлгож болохоор байгаа юм. 

-ВАГОНУУД "МОНГОЛ ТӨМӨР ЗАМ" ТӨХК, "УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ" ХНН-Д АШИГЛАГДАЖ БАЙГАА ГЭВ-

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "800 вагон, 10 зүтгүүр "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-д ашиглагдаж байгаа. Сураггүй алга болоогүй" гэсэн юм. Харин бусад эх сурвалжууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам цаашлаад түүнийг дагалдах вагон, зүтгүүр хэрэгслийн эзэмшлийг тодорхой болгох шийдвэрийг Засгийн газраас удахгүй гаргах гэж байгаа.

Сургаар нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дээрх зам, вагон зэргийг салбар яамныхаа харьяанд авахаар хөөцөлдөж эхэлсэн нь С.Наранцогтын дургүйг хүргэсэн. Тиймээс С.Наранцогт урьдаж, эзэмшлийн асуудлаар хэвлэлд ам нээж эхэлсэн гэх мэдээллийг хэлэх болов. Ямартай Засгийн газрын шийдвэрээр тун удахгүй дээрх төмөр зам болон бусад эд хэрэгслийн эзэмшлийг тодорхой болгож хаана, хэний нэр дээр данстай болгох аж.