Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэж мэдэгдлээ

Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэж мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр "Ханбогд Эксплорэйшн" гэх Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 30 сая төгрөгийн мөнгөн хандив авсан тул бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Мөн Үндэсний аудитын газраас Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагуудад мэдээлж, зөрчлийн дүгнэлтийг илгээгээд байгаа юм. Тус газар нь нэр дэвшигч нарын санхүүгийн тайланг нээлттэйгээр мэдээлж, улмаар зөрчилтэй асуудлуудыг нь холбогдох эрх бүхий байгууллагууд руу шилжүүлэх арга хэмжээг авдаг байна. 

Энэ талаар хуульч Б.Мэргэн өөрийн цахим хуудсандаа "2024 оны сонгуулийн дараа мөнгө тараасан гэх гэмт хэргийн шинжтэй 300 гаруй үйлдэл бүртгэгдсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч хэрэг шийдэгдээгүй байна. Миний өөрийн баттай мэдэж байгаагаар 2 ухуулагчийн асуудлыг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа. Цаана нь нэр дэвшигчид нь гишүүн болчихсон хууль батлаад сууж байна. Сонгуулийн дундуур нэр дэвшигчид явцын зардлын тайлан өгч, Үндэсний аудитын газраас нийтэд ил мэдээлдэг. Өөрийн ажиллаж байсан тойрогт нэр дэвшигчдийн зардлын тайланг харж байхад Э.Болормаа нь “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсныг олж мэдсэн. Одоо өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг бөгөөд буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно. ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. Тодруулбал, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах
хууль зүйн үндэслэл бүрдэнэ" гэв.

Тэрбээр энэ асуудлаар мэдээлэл авахаар өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд Үндэсний аудитын газарт албан бичиг өгсөн юм.