ХУУЛИЙН ЗААЛТ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрөө гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй л бол түүнийг огцруулах боломжгүй

ХУУЛИЙН ЗААЛТ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрөө гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй л бол түүнийг огцруулах боломжгүй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нь АН-ын жагсаалтын 16 дугаарт бичигдэн УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон. Түүнийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр жагсаалтад оруулсан гэх мэдээлэл байдаг ч яг үнэндээ Х.Баттулгын квотоор жагсаалтад багтжээ. 

-Ц.МӨНХТУЯА ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ШААРДЛАГЫГ АН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ-

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн ёс зүйн асуудал хурцаар хөндөгдөж, олон нийтийн зүгээс түүнийг эргүүлэн татахыг шаардаж буй.  Учир нь Ц.Мөнхтуяа нь Монголын багш нарын эрх ашгийн төлөө уриан дор УИХ-ын гишүүн болсон ч багш хүнд баймааргүй бүдүүлэг араншин гаргаж, ёс зүйн зөрчилтэй нэгэн гэдгээ өнгөрсөн өдрүүдэд удаа дараа харуулаад байна. Тодруулбал, тэрбээр, дөрвөн өнчин хүүхдийг байртай болгох хандивын аяны 80 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулж, хувьдаа ашигласан байх магадлалтай байгаа юм. Мөн цахим орчинд ёс бус үг хэллэг хэрэглэн бусадтай хэрэлдэж, "Миний мууг үзэж яваад зарим нь шоронд, зарим нь шороонд булагдсан даа хөөрхий" хэмээн заналхийлэх, бүр цаашилбал харааны бэрхшээлтэй иргэнийг "Чи сохроороо далимдуулах хэрэггүй. Чи ямар ганцаараа сохор биш дээ" гэх мэтээр хэл амаар доромжилж, ард түмнийг төлөөлөн төрд барилцаж буй хүнд байж боломгүй ёс зүйн алдаа гаргаснаас гадна "хуурамч" үйлдвэрчний эвлэлийн нэр барьж, АН-ын жагсаалтад багтаж УИХ-д суусан гэх мэдээлэл бий.

Тиймээс түүнийг эргүүлэн татах шаардлагыг иргэдээс гадна тус намын гишүүд шаардаж эхэлжээ. Тухайлбал, "Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "Пээ базарваань. АЭХ-ны улс төрчийн стандартыг бид олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өндрөөс өндөрт тогтоосон юм. Захын гудамжны хүүхнээр энэ өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Уучлаарай, эргүүлэн тат" хэмээн шаардсан.

-УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯАГИЙН ЗӨРЧИЛД ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭС БИШ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг ямар нөхцөлд эргүүлэн татаж болох талаар үзвэл Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох хэд хэдэн үндэслэл байдаг байна. Тодруулбал,

  • Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
  • хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
  • нас барсан.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн тус тус заажээ.

Иймд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрөө санал гаргаж, УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй л бол намын дарга, өөр хэн нэгэн эс бөгөөс гишүүдийн олонх дэмжиж түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй. Харин ёс зүйн зөрчил гаргасан талаар хэн нэг хуулийн этгээд эс бөгөөс УИХ-ын тамгын газраас ёс зүйн зөрчил үйлдсэн гэх тайлан мэдээ гаргасан бол байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлээд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу дараах шийтгэлийг ногдуулдаг.

  • сануулга өгөх;
  • уучлал гуйхыг үүрэг болгох;
  • албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар заасан байна.

Ийнхүү Ц.Мөнхтуяа гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл цалин хасах зэргээр л шийтгэж болох хуулийн зохицуулалттай аж.