Д.Мөнх-Эрдэнэ төрсөн дүү Д.Цогтбаатараа эргүүлэн татахуулахгүйн тулд МАН-тай тохирч Ч.Лодойсамбууг элдэвлэж эхлэв үү

Д.Мөнх-Эрдэнэ төрсөн дүү Д.Цогтбаатараа эргүүлэн татахуулахгүйн тулд МАН-тай тохирч Ч.Лодойсамбууг элдэвлэж эхлэв үү

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан, гэм буруутай гэж Улсын дээд шүүхээс арванхоёрдугаар сарын 13-нд үзсэн байдаг. Түүнээс хойш яг 60 хонож байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа "Дээд шүүхийн шийдвэр албажиж ирэх ёстой. Түүний дараа бүх зүйл тодорхой болно" гэж хэлсэн. Харин Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн хууль зөрчсөн нь шүүхээр шийдэгдсэн тохиолдолд эргүүлэн татах асуудал яригдана" гэж заасан. Шүүхийн шийдвэрийг парламент хэлэлцэхгүй" гэсэн юм. 

Хуулиар, Улсын дээд шүүхийн шийдвэр 30 хоногийн хугацаанд тогтоолоор албажих ёстой. Мөн нэг удаа, 30 хоногоор сунгах боломжтой. Одоогийн байдлаар Улсын дээд шүүхээс хугацааг 30 хоногоор сунгачхаад байгаа юм байна.

Нэгэнт Улсын дээд шүүхийн шийдвэр албажиж ирэх хугацаа ойртсон учир МАН-ынхан уг асуудлаар Ардчилсан намын удирдлагуудад шахалт үзүүлж, Дав.Цогтбаатарыг эргүүлэн татан хангайн бүсэд нөхөн сонгуулийг явуулах өндөр сонирхолтой байгаа. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шийдвэр албажиж ирсний дараа шууд залгуулан Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах зохион байгуулалтыг хийхээр төлөвлөсөн гэж байгаа юм. 

Гэтэл дээрх үйл явдлаас өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах саналыг гаргав. Харин улс төрийн энэ бужигнааныг Дав. Цогтбаатар болон түүний ах Д.Мөнх-Эрдэнэ нар өөрсдөдөө ашигтай шийдвэрлэхээр гүйж буй бололтой. Тодруулбал, өчигдөр орой Д.Мөнх-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг MCS компанитай холбон нэлээн шоглов. Энэ нь дүүгийнхээ эргүүлэн татах асуудлаар МАН-тай тохирсон уу гэх хардлагыг дагуулж байна. Тодруулбал, Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах нь нэгэнт тодорхой, нөхөн сонгуулийг явуулж оронд нь явуулах хүмүүсээ хоёр нам тодорхой болгочихсон. Тиймээс дүүгээ эргүүлэн татуулахгүйн тулд Д.Мөнх-Эрдэнэ МАН-тай тохирч, Засгийн газрыг огцруулах саналыг гаргаад буй Ч.Лодойсамбууг эсэргүүцэж буй хэлбэр нь энэ бололтой. 

Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг хуультай. 9.1.5 дахь заалтаар бол гишүүд саналаа ил хураадаг. Улсын ерөнхий прокурор санал оруулдаг процессоос өөр эрх зүйн зохицуулалт учир УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй. Шууд Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэх, цаг хугацааны л асуудал юм.