Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчилна. Айлчлалынхаа үеэр Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, гэрээг баталгаажуулна. Гарын үсгийг БНХАУ-ын Харбин хотод зурна гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээртэй холбоотой асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороогоор орж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт хуулийн дагуу олгосон. Энэ дагуу уг хэлэлцээр, ажлын хэсгийн протколд БНХАУ-ын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга гарын үсэг зурах бол манай талаас Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар гарын үсэг зурах аж.
Энэ талаар Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Хоёр улсын төрийн өмчийн компани хооронд "гурвыг цогцоор нь" буюу хамтдаа зурах гурван гэрээ бий. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг зэрэг явагдана. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулагдаж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй" гэсэн юм.