Ч.Лодойсамбуу: “Засгийн газрыг огцруулах санал гаргасан хүн шоронд орж дуусдаг” зэргээр сүрдүүлж байгаа

Ч.Лодойсамбуу: “Засгийн газрыг огцруулах санал гаргасан хүн шоронд орж дуусдаг” зэргээр сүрдүүлж байгаа

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах саналыг гаргаж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа. 

ШУУД ҮЗЭХ: 

-Баасан гарагт Засгийн газрыг огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар дэмжиж гарын үсэг зурсан байна. Цаашид дэмжих гишүүд хэд орчим байна. Мөн бусад гишүүд ямар байр суурийг илэрхийлж байгаа вэ?

-Амралтын өдрүүдэд утсаа унтраасан. Би залгана гэхээсээ илүү надад маш их дуудлага ирлээ. Намын янз бүрийн хүмүүс залгалаа. Нөгөө талаас ч янз бүрийн хүмүүсээр шахалт, дарамт үзүүлсэн. Түүнчлэн сошиал дээр намайг яаж харлуулах вэ гэдэг агц бүрэн дүүрэн явж өнгөрлөө. Зарим нь дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Харин МАН-ынхан яаран зурахгүй гэдгээ илэрхийлсэн. "Ялахгүй л бол ерөнхий сайдыг огцруулна гэдэг нь улс төрөөс арчигдахын л нэг хэлбэр шүү дээ" гэж зарим нь хэлж байгаа. Иймд бүх гишүүд рүү яриад дарамтлаад байх хэцүү юм байна. Тэдэнд жаахан бодох хугацаа ч өгье. Улс төрийн шийдвэр гаргах эрх тэднийх шүү дээ.

-Зарим гишүүдийн хувьд “Засгийн газар огцрох шалтгаан алга. Сонгууль болоод хэдхэн л сар өнгөрч байна” гэсэн зүйлийг хэлж байна. Засгийн газар огцрох хамгийн том шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-Засгийн газрын хамгийн том ач холбогдол өгөх ёстой зүйл нь нэг жил хоёр жил гэдэг хугацаа юм уу. Хүний амь, нийгэм эдийн засгийн байдал, хүний эрхийн түвшин юм уу. Төр, Засгийн газар хүнээ хайрлах гэж, хүнээ хамгаалж, халамжлах гэж, элбэг хангалуун амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх гэж оршдог. Түүнээс биш төр, Засгийн газраа байгуулаад нэг, хоёр жил тогтвортой байлгахын тулд байдаггүй. Аль нь  чухал зорилго вэ гэдгийг харах юм бол энэ Засгийн газар огцрох болзолоо бүрэн хангасан. Манай улс зүгээр л мөнгөтэй болохын төлөө яваад байна. Хөгжил гэдэг чинь мөнгөтэй болоод түүгээрээ яах вэ гэдгийг л хэлнэ шүү дээ. 

Ерөнхий сайдын эс үйлдэхүйгээс нь болоод хүмүүс нас барсан гэдэг нь худлаа юм уу. Хүний амь нэхэхээр л улс төржлөө гэдэг. Тэгж хэлж байгаа хүмүүс өөрсдөө л улс төржиж байна.

Ялангуяа төр нь өөрөө хүн нас барчихаад байхад түүнд анхаарал хандуулахаас илүүтэй мэдээллийг нь дарах гэж оролдож байгаа хандлага нь л энэ засгийг цааш явуулж болохгүй гэдгийг хангалттай илэрхийлж байгаа. Монголчууд шинэ цагийн дарангуйлагчаасаа эртхэн салах ёстой.

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр надад дарамт ирсэн гэж та хэллээ. Тодорхой хэлж болох уу? Намын дарга чинь бямба гарагт хэлэхдээ “Бид уулзсан. Энэ хоёр хүнд хариуцлага тооцох ёстой юм байна” гэж мэдэгдсэн. Тэр байр суурийг та хэрхэн харж байгаа вэ?

-Зарим гишүүд хэлэхдээ “Өмнөх Засгийн газруудыг унагах гэсэн бүтэлтэй, бүтэлгүй жишээнүүдийг сонс доо. Судал даа. Шоронд ороод дуусаж байгаа биз. Чамд 2028 онд мандат олдохгүй. Хүн нь байхад хэрэг нь олдоно. Чи гишүүн биш болно. Намын гишүүн ч биш болно. Чи ийм л зам руу орлоо доо. Больчихож болдоггүй юм уу” гэсэн. Гэхдээ би энэ зэргийн юмнууд ирэхийг тооцохгүйгээр хөдөлнө гэж байхгүй. Ер нь дарамт гэж авч үзвэл нэвтрүүлэг хийсэн цагаасаа л дарамт авч ирсэн. Гэтэл цаг хугацаа бүгдийг харуулж байгаа биз дээ. Хүмүүс тэнэг биш.

-Танай нам харьцангуй дотоод ардчилалтай. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэдэг нам. Гэтэл намын дарга нь бусдын үзэл бодлыг ингэж хайрцаглаж байгааг юу гэж харж байна?

-Лу.Гантөмөр дарга ардчилал гэж юу вэ, ардчилсан нам ямар байх ёстой вэ гэдгийг яс, цусаараа мэддэг хүн. Бямба гарагт сэтгэл хөдлөлөөрөө тэгээд хэлчихсэн байх. Одоо хэлсэн үгэндээ харамсаж байгаа. Гэхдээ цаашаа үйлдэл болох уу гэдгээ өөрөө шийднэ биз.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө