УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд хөдөө орон нутагт тойрогтоо ажиллаж байгаатай холбоотойгоор сүүлийн нэг сар Төрийн ордон нам гүм байлаа. “Утааны” гэх сонсголоос бусдаар үйл явдалгүй байсан энэ ордныг Ч.Лодойсамбуу гишүүний Засгийн газрыг огцруулах санаачилга хөдөлгөөнд орууллаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах саналыг гаргаж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулж эхэлсэн. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа түүний саналд гарын үсгээ зурсан бөгөөд үргэлжлүүлэн 31-32 гишүүн зурвалалбан ёсоор УИХ-д өргөн барина. Ингээд гурав хоногийн дотор УИХ-аар хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэр гаргах хуультай. Цаашлаад УИХ-ын 64 гишүүн дэмжиж кнопоо дарвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорно.
-Л.ГАНТӨМӨР УИХ-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД РҮҮ УТАСДАЖ “ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ БАЙХ”-ЫГ АНХААРУУЛАХ БОЛЖЭЭ-
Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг дээрх саналыг гаргаснаас нэг хоногийн дараа буюу Бямба гарагт /2025.02.08/ Засгийн газарт хамтарсан АН-ын дарга Л.Гантөмөр УИХ дахь намын бүлгийн гишүүд, фракцуудаа цуглуулан уулзсан. Уулзалтын дараа тэрбээр “Ер нь Улс төрийн зөвлөлийн хурлыг хийж Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар ярилцана. Тэгэхгүй бол дураараа байна. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн Засгийн газрын бодлогыг их олон удаа эсэргүүцсэн. Нэгэнт олонхоороо шийдсэн бол саналыг хүндэтгэх учиртай. Тэгэхгүй зай завсар гарах бүрд л бодлого унагаж, зөвхөн миний зөв гэж боддог хандлага нь буруу” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Энэ нь түүнийг маш их сандарсныг илтгэнэ. Цаашлаад МАН-ынхан Засгийн газрыг огцруулах санал гаргасан Ч.Лодойсамбуугийн үйлдлийг Л.Гантөмөрт нялзааж, “тэр гишүүнийхээ учрыг олоорой” гэж дарамталсан байх магадлалтай талаар улс төрийн хүрээнд ярьж байна.
Тиймээс Л.Гантөмөр Ч.Лодойсамбуу гишүүн рүү зурвас бичих, залгах гэх мэт байдлаар дарамталж улмаар өөрөө гарч ирэн дээрх тайлбарыг хийсэн нь энэ. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн "Ерөнхий сайдыг огцруулах" албан бичигт АН-ын бүлгийн залуу гишүүд болох С,Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, П.Мөнхтулга нар гарын үсэг зурна гэдгээ илэрхийлээд байгаа аж. Иймд АН-ын Л.Гантөмөр тэргүүтэй Засгийн газарт сайд хийж буй удирдлагууд С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нарын залуу гишүүд рүү утасдаж "Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурж болохгүй" хэмээн анхааруулж байгаа аж.
-МАН-ЫНХАН ДОТООДДОО ЮУ Ч ӨРНҮҮЛЭЭГҮЙ Ч ЗАРИМ НЬ Ч.ЛОДОЙСАМБУУГ ДЭМЖИЖ БАЙГАА АЖ-
Харин нөгөө талд МАН-ынхан дотооддоо юу ч өрнүүлээгүй маш сайн ажиглаж байгаа бөгөөд зарим нь буурь зааж "Ч.Лодойсамбуу гишүүнийг дагаж гүйхгүй" хэмээн ярилцсан байна. Гэхдээ ганц АН дотор гэлтгүй МАН-д ч Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурах, С.Оюун-Эрдэнийн эсрэг нягтарчих гишүүд 32 битгий хэл байгааг Л.Оюун-Эрдэнэ өөрөө маш сайн мэдэж байгаа аж.
Гэхдээ юу үнэн, МАН-ын гишүүдэд Ерөнхийлөгч хамгаалалт болж өгөхгүй л бол наанаа АН-ынхан шиг ил зоригтой хөдлөхгүй. Тэдний систем нь тэр юм.
Тэгэхээр МАН-ын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсч байж л Засгийн газрыг огцруулах талаар гишүүд нь дуугарч эхлэх болов уу гэсэн хүлээлт байна. Харин Л.Гантөмөрийн байр суурийг АН-ын зарим гишүүд АН-ын үнэт зүйл болох дотоод ардчиллыг үгүй хийх гэж оролдлоо. АН –ын гишүүд ил шүүмжилж, асуудалд олон өнцгөөс хандаж ирсэн. Засгийн газарт шүүмжлэлтэй хандах нь эрүүл парламентын хэлбэр, гэтэл огт шүүмжлүүлэхгүй, алдаа дутагдлаа сонсохгүй гэсэн нь Ардчилсан намын үнэт зүйл, итгэл үнэмшил биш гэх шүүмжлэлийг хэлж байна. Эцэст нь, өнөөдрийн энэ үйл явдал нь хаврын их улс төрийн эхлэл байх магадлалтай.