Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -9…-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.