Залилах гэмт хэрэгт холбогдсон үйлчлүүлэгчийнхээ хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд прокурорт хахууль өгөхийг завдсан гэх өмгөөлөгч Ц.Дарьжавд холбогдох хэргийг шүүх дэнслэхээр товложээ.
Тодруулбал, өмгөөлөгч Ц.Дарьжав нь залилах гэмт хэрэгт холбогдсон үйлчлүүлэгч Х.Тунгалагийнхаа хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд хяналтын прокурор О-д хахууль болгож ээмэг, зүүлт өгөхийг завдсан байна.
Харин тухайн прокурор нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөн, Ц.Дарьжавын хахууль өгөх гэсэн үйлдлийг баримтжуулан холбогдох байгууллагад мэдэгдсэнээр уг хэргийг шалгаж эхэлсэн байна.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Ц.Дарьжав өмгөөлөгчийг хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг хоёрдугаар сарын 12-ны /2025.02.12/өдөр хэлэлцэхээр товлосон байна.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1. Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Ташрамд өгүүлэхэд, өмгөөлөгч Ц.Дарьжавын үйлчлүүлэгч Х.Тунгалаг гэгч нь хүнд өвчтэй, өндөр настай иргэнийг "Бариа засал хийгээд эдгээж өгнө" хэмээн итгүүлж, ар гэрийнхнээс нь 300 гаруй сая төгрөг авсан байна. Гэсэн ч өвчтөн эдгэлгүй хүнд өвчний улмаас нас барсан аж. Тиймээс Х.Тунгалаг гэгчийг хохирогчийн сэтгэл зүйн хямралтай байдлыг ашиглан сүсэг бишрэлийг далимдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилсан хэмээн хуулийн байгууллагаас шалгаж, шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон байна.