УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргасан байна.
Тэрбээр уг саналдаа "Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ" Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах" гэснийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүн Чулуунбилэгийн Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна" гэж бичжээ. УИХ-ын 34 гишүүн түүний саналыг дэмжиж гарын үсгээ зурвал УИХ-ы дарга Д.Амарбаясгаланд өргөн барьж албажуулах юм.