Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийнэ. Түүний айлчлалын үеэр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурна.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Ерөнхий сайдын энэ сарын 13-15-ны өдөр хийх айлчлалын үеэр эцэслэн зурагдана” гэсэн юм.
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, үүний хүрээнд Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадсан. Харин дараагийн том төсөл нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төсөл юм. Энэхүү гэрээг үзэглэхийн тулд өдгөө 53 удаагийн уулзалт хийж, холбогдох саналд хоёр тал нэгдээд байна. “Чайна Энержи”-гийн хувьд Монголд хоёр улсын төмөр замын хил холболтыг хийх терминал барьж, нүүрсийг чинь олборлож өгье гэдэг хоёр л саналыг голчилсон. Харин хариуд нь Тавантолгойн бүлэг ордоос Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордоос 20 жилийн хугацаатай нүүрс олборлуулах тухай саналыг манай талд тавиад байгаа юм. Мөн хууль эрх зүйн орчныг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэх мэдээлэл бий. Ээлжит бус чуулганы хуралдааныг энэ сарын 18-ны өдөр хуралдуулах юм.