Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр "Засгийн газар хаврын чуулганаар томоохон эрхзүйн реформ хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Үүнийг хийснээр нийтийн үйлчилгээний алба, нийтэд үйлчилдэг зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны реформыг өргөн агуулгатай хийхээр ажиллаж байна.Энэ хүрээндээ төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж өгнө. Цаашлаад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишээ нь, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нь нээж өгнө.
“Эрдэнэс Монгол” компани дээр C түвшний гурван албан тушаалтны нээлттэй ажлын зар тавьсан байгаа. Тус компанийн хүний нөөцийн албаны даргаар гадаад хүн томилоход болохгүй гэх газаргүй. Тэгж байж улстөрчид мэргэжлийн бус танил талаа шахдаг байдал арилж, хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
Мөн орон нутагт түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтан томилоод буй асуудлыг нэг мөр цэгцэлнэ. Олон Улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусуудыг нэг талд нь гаргана. Ингэснээр 30 хувийн цомхотгол, хэмнэлт хийнэ" гэлээ.