Ж.Бат-Эрдэнэ: Утааг бууруулж чадахгүй бол Ерөнхий сайд, Засгийн газартай хариуцлага тооцдог болъё

Ж.Бат-Эрдэнэ: Утааг бууруулж чадахгүй бол Ерөнхий сайд, Засгийн газартай хариуцлага тооцдог болъё

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг хоёр дахь өдрөө Төрийн ордонд зохион байгуулж байна.

Өнөөдрийн сонсголоор Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага”, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг болж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонслоо. Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хэн нэгний хар толгойтой хариуцлага тооцохгүйгээр утааны асуудлыг шийдэж чадахгүй. Үеийн үед ярьсаар л байх болно. Нэн тэргүүнд УИХ, Засгийн газар өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Үүнээс хариуцлага эхлэх ёстой. Энэ олон албан тушаалтантай битгий хариуцлага тооц гэж юу ярьж байгаа юм бэ. Тооцох ёстой шүү дээ. Сая Баярбаатар гишүүний хэлсэн эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага гэсэн дотор өчнөөн олон мөнгө төгрөгний асуудал явж байна. Өчигдөр, өнөөдөр өчнөөн хүн уйлж хайлаад ярьж байна. Тэд бухимдаж байна. Бид ойлгож, хүлээж авах ёстой. Буруугаа хүлээж суръя. Нэн тэргүүнд УИХ буруугаа хүлээе. УИХ энэ хариуцлагыг хүлээж авч хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ажлыг хийх ёстой. Хүмүүсийн гаргасан саналыг аваад Засгийн газартаа үүрэг даалгавар өгье. Л.Оюун-Эрдэнэ нь байна уу, хэн нь байна уу Засгийн газартаа даалгавар өгдөг схемийг гаргах ёстой. Цаашлаад Одонтуяа байна уу, хэн нь байна уу Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргынхаа хар толгойтой нь хариуцлага тооцдог систем рүү орох ёстой. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд С.Одонтуяа даргаас асууя. Утааг хэзээ, яаж бууруулах юм. Энд хариулт өгөх хэрэгтэй байна. Чадахгүй бол хэн хариуцлага хүлээх юм. Ерөнхий сайдтай, Засгийн газартай тооцоо боддог болъё л доо. Энэ схемээ гаргаж чадахгүй бол Түр хороо байгуулаад нэмэргүй. Дахиад баахан гомдол, нулимс, уур хилэн болоод л өнгөрнө шүү дээ" гэлээ. 

ВИДЕО: