2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-ыг албан ёсоор татан буулгаж, МАН-тай нэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын гишүүдийг МАН-д элсүүлж, Удирдах зөвлөл, Бага хурал, нийслэлийн МАН зэрэг бүхий л шатны байгууллагад хуваарилж оруулсан байдаг. Ингэхдээ дээрх байгууллагуудын 30 хувьд нь гишүүдээ оруулна гэх тохироог МАХН-ын дарга Н.Энхбаяр хийсэн гэдэг.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Э.Батшугар, Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъяан, МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга асан Н.Уламбаяр, МАХН-ын Сонгуулийн ерөнхий менежер асан, эдийн засгийн доктор Д.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн МАХН-ын төлөөлж байсан Г.Золзаяа зэрэг олон хүн МАН-ын Удирдах зөвлөлд орсон юм. Эдгээрээс Э.Батшугар УИХ-ын гишүүн, Б.Тулга Боомтын сайд гээд бүгд албан тушаал, ажилд томилогдсон. Тэгвэл албан тушаалгүй үлдээд байсан Э.Эрдэнэжамъяаныг саяхан Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ.
Тэрбээр Ерөнхий сайдад ямар асуудлаар зөвлөж буй нь одоогоор тодорхойгүй байна. Түүний хувьд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Н.Энхбаярын ойрын хүн юм.