Засгийн газар бүс орон нутагт өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдана

Засгийн газар бүс орон нутагт өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдана

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан Төрийн ордонд болж өндөрлөлөө.

Өнөөдрийн хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга, Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааныг нээж Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох, бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын бодлогоор дэмжих зэрэг бодлого, зорилтууд гараанаас гарч байна. Энэ онд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээ төлөвлөсөн” гэдгийг тодотгосон.   Тиймээс эдгээр ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны гишүүд болон төрийн бүхий л шатны байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. Цаашлаад бүсүүдийн хөгжлийн зорилтот хөтөлбөр болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан холбогдох хуулиудыг  шинэчлэн боловсруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатайг сануулав.

Түүнчлэн 2025 онд бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, олон талт арга хэмжээг зохион байгуулах хүрээнд олон ажил төлөвлөсөн байна. Тухайлбал, Бүсийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн татвар, хөрөнгө оруулалтын  эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлогын санал зөвлөмжийг боловсруулах; Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх; Бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөр”-ийн төсөл боловсруулахад салбарын хөгжлийн зорилт, арга хэмжээг бүс бүрээр тодорхойлох; Бүсүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төслийг хийж гүйцэтгэх; Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан"-ыг бүс тус бүрд зохион байгуулах, Ингэхдээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд зохион байгуулж, бүсийн хөрөнгө оруулалтын төслийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах зэрэг ажлыг төлөвлөжээ.

Хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын ажлын алба болон 21 аймгийн Засаг дарга, аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнүүд цахимаар оролцлоо.