Э.Бат-Үүл хувийн жолооч, туслахаар ажиллаж байсан Б.Батсүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилуулжээ

Э.Бат-Үүл хувийн жолооч, туслахаар ажиллаж байсан Б.Батсүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилуулжээ

Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Гэр хороолол, Улаанбаатар хот хариуцсан зөвлөхөөр томилж буй талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Гэр хорооллын хөгжлийн намыг "хөшигний араас"  Э.Бат-Үүлийг удирддаг гэх мэдээлэл бий.

Учир нь Э.Бат-Үүлийн удирдлагад Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хамтран ажиллаж байсан хүмүүс тус намд ажилладаг юм. Тухайлбал,  Б.Батсүхээс гадна Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байхад нь Хэвлэлийн албаны даргаар нь ажиллаж байсан Я.Мөнгөнцэцэг тус намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байх жишээтэй. 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЯХАН Э.БАТ-ҮҮЛТЭЙ УУЛЗАЖ, УЛААНБААТАР ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЧЭЭ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй уулзаж, "Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах"-ыг түүнээс хүссэн гэдэг. Үүний хариуд Э.Бат-Үүл өөрийн хувийн жолооч, туслахаараа ажиллаж байсан Б.Батсүхийг зөвлөхөөр нь “шахсан” байж магадгүй байгаа юм.

Уг уулзалтын дараа Э.Бат-Үүл "Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штаб"-ын ээлжит хуралдаанд сууж, тус штабын зөвлөхөөр томилогдсон.

Харин Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдож буй Б.Батсүхийн хувьд өмнө нь Э.Бат-Үүлийн хувийн жолооч, туслахаар ажиллаж байсан бөгөөд 2018 оноос Гэр хорооллын хөгжлийн намын даргаар ажиллаж эхэлсэн юм. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт, 2024 оны УИХ-ын сонгуульд тус тус нэр дэвшин өрсөлдсөн байна. Гэхдээ тэрээр аль сургуульд ямар мэргэжил эзэмшсэн, ажлын туршлага зэрэг мэдээлэл нь тун нууцлагдмал аж. Ямартай ч түүнийг Э.Бат-Үүлийн хувийн туслах, жолоочоор ажиллаж байсныг АН-ынхан мэддэг. 

Гэр хорооллын хөгжлийн намыг Монгол Улсын 31 дэхь улс төрийн намаар Улсын дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 07-ний өдөр бүртгэсэн байдаг. Гэхдээ Э.Бат-Үүлийг Хотын даргын ажлаа өгсний дараагаас буюу 2017 оноос идэвхжиж ирсэн. 

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ СОНГУУЛИЙН ПИ АРЫН ГОЛ СЭДЭВ "С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ"-Т Э.БАТ-ҮҮЛИЙГ ХОЛБОЖ ЯРИАГҮЙ ОРХИСОН ЗЭРЭГ НЬ ЭРТНИЙ ТОХИРОО БАЙСАН УУ-

Уг томилгоо нь Э.Бат-Үүлийг эрх баригч нам дээр гүйж очоод ойлголцсон гэдгийг илтгэнэ. Магадгүй үүнээс өмнө ч тэрбээр МАН-тай тохирсон, хамтарч эхэлсэн байх магадлалтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр хүү Э.Чулуудайгийнхаа холбогдсон “Бэрэн” группийн хэргээр МАН-тай наймаалцсан байж болзошгүй юм.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийн гол пиараа С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбон явуулсан. Тэрбээр пиарын гол сэдвүүдээ 2 цаг гаруйн нэвтрүүлэгт ярьж, ул орон даяар цацахдаа С.Зориг агсны хэрэгт АН-ын ихэнх лидерүүдийг холбосон байдаг. Ингэхдээ Э.Бат-Үүлийг огт дурсаагүй нь анхаарал татаж буй. Энэ ч утгаараа Э.Бат-Үүлийг эртнээс МАН-ын төсөл болсон гэж АН-д ярьж байна. Мөн 1990 онд МАХН-ыг татан буулгахад Э.Бат-Үүл дэмжилгүйгээр үлдээж байсан гэх түүх бий. Өнгөрсөн хугацаанд МАН-ыг либериал, ажил хэрэгчээр шүүмжилж, сөрж ирсэн тэрбээр эцэст нь эрх баригч намтай нэг хөнжилд орсон, эрх ашгаа нэгтгэсэн байх магадлалтай жишээнүүд энэ аж.