Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагаан сарын баярын дараа Польш улсад төрийн айлчлал хийхээр болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагаан сарын баярын дараа Польш улсад төрийн айлчлал хийхээр болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сард манай улсад төрийн айлчлал хийсэн. 

-ПОЛЬШИД СУУХ ЭЛЧИН САЙДААР Н.ОЮУНДАРИЙГ ЯАРАН ТОМИЛСОН НЬ ТУС АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ-

Тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Анджей Дуда Ерөнхийлөгч нь Польш улсын Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны нээлтэд оролцсоноос гадна МУИС-д илтгэл тавьж, хоёр улсын бизнесийн форумд оролцож, Чингис хааны музейд зочилсон. Тус айлчлалын үеэр Анджей Дуда Ерөнхийлөгч нь манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эх орондоо айлчлахыг урьсан. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагаан сарын баярын дараа Бүгд Найрамдах Польш улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөжээ. Уг айлчлалыг зохион байгуулахтай холбоотойгоор намрын чуулган завсарлахаас урьдаж Монгол Улсаас Польш улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын томилгоог хийсэн байна.

Тус улсад суух Элчин сайдаар Н.Оюундарийг томилсон бөгөөд уг томилгоог энэ сарын эхээр УИХ-аар хэлэлцэх үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ онд Польш улсад айлчлахаар төлөвлөж байгааг хэлсэн юм. Тэрээр "Төрийн тэргүүний Польш улсад хийх айлчлал энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа. Үүнээс өмнө хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Польш улсын Хөдөө аж ахуйн яамтай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэррийн яам хамтран ажиллаж байна. Элчин сайдаар томилогдоод үүнд анхаарлаа хандуулж ажиллаарай" гэсэн. 

-ПОЛЬШИД МОНГОЛ УЛСЫН 1000  ГАРУЙ ИРГЭН АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙНА-

Монгол Улстай олон жилийн уламжлалт найрсаг, хамтын ажиллагаатай улсуудын нэг бол Польш улс юм. Хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски айлчилж байснаас хойш 10 жилийн дараа Польшийн төрийн тэргүүн манай улсад айлчилсан Анджей Дуда байсан юм. 

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалыг анхнаас нь тууштай дэмжиж, сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж ирсэн улс бол Польш улс билээ. 1990 оноос хойш хоёр орны харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг гэсэн үнэт зүйлсүүд дээр тулгуурлан гүнзгийрэн хөгжсөөр байна.Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1999 онд Бүгд найрамдах Польш Улсад айлчилсан нь манай талаас хийсэн анхны төрийн айлчлал байсан бол Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд манай улсад айлчилж байв. Социализмын үед хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байсан бөгөөд Дархан хотыг бүтээн байгуулахад польш мэргэжилтнүүд гар бие оролцож, өөрийн орны технологийн онцлог бүхий Дарханы Царууц тоосго, шохойн үйлдвэрийг байгуулж, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн залуусыг сурган дадлагажуулж байлаа. 1966-1985 онд Польш улсын тусламжтайгаар Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Хархоринд нийт 9 үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Мөн тухайн үед Польшийн геологичдын бие даасан томоохон экспедиц Монголын баруун аймгуудын нутагт, Монгол-Польшийн хамтарсан экспедиц газрын ховор элементийн хайгуул хийж байв. Түүнчлэн Польш-Монголын палеонтологийн хамтарсан баг манай газар нутгаас 100 шахам олдвор олсон нь томоохон нээлт болж байлаа.  

Хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа 1970-1990-ээд оны хооронд Варшавын гэрээний орнууд ба БНМАУ хоорондын  харилцааны хүрээнд эрчимжиж байгаад хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон. Харин Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2003 оноос Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Польшийн цэргийн командлалын удирдлагад үүрэг гүйцэтгэх болсноор харилцаа сэргэж, өндөр хэмжээний айлчлалууд, цэргийн албан хаагчдыг сургах хэлбэрээр хөгжиж эхлэв. Сүүлийн 55 жилийн хугацаанд Польш улс монгол залуусын боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийсээр ирсэн.

Хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан-техникийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 1958 онд байгуулагдаж, 1974 онд шинэчлэгдсэн бөгөөд 1960-аад оноос хойш Польшийн их, дээд сургуулиудыг Монголын 230 орчим оюутан төгссөн гэх баримт бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс Польш улсад нийт 58 монгол оюутан суралцаж байна.

Хоёр улс 1950 оны 04 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоож, худалдааны анхны хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй. Хоёр тал 2019 онд 60 сая еврогийн худалдаа хийсэн бол өнгөрсөн онд 100 орчим сая долларт хүрч өслөө. Бараа эргэлтийн дийлэнх хэсгийг ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өргөн хэрэгцээний бараа, барилгын материал бүрдүүлдэг ба 90 гаруй хувийг нь Польшоос импортолж буй бараа эзэлж байна. Европын Холбооны зүгээс ардчилал, сайн засаглалыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын экспортыг дэмжих хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс тус холбооны гишүүн 28 орны нэг болох Польшид бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортолсоор ирсэн. Ерөнхийд нь харвал, хоёр улсын улс төр, боловсрол, соёл хүмүүнлэг гээд олон салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Харин зарим объектив хүчин зүйлсийн нөлөөгөөр, тухайлбал, хоёр улс газар зүйн хувьд бие биеэсээ алслагдсан /автозамаар 7 мянган км/ зэргээс шалтгаалан худалдаа-эдийн засгийн харилцаа бусад салбарынхтай харьцуулахад хүрч болох түвшнээс доогуур байгаа нь үнэн. Польш Улсад 1000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна.