Хаврын морин уралдааныг сэргээсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж Х.Булгантуяа, Ч.Анар, Г.Лувсанжамц нарын 10 орчим гишүүн гарын үсэг зуржээ

Хаврын морин уралдааныг сэргээсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж Х.Булгантуяа, Ч.Анар, Г.Лувсанжамц нарын 10 орчим гишүүн гарын үсэг зуржээ

Засгийн газрын өчигдрийн /2025.01.29/ хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, жил бүрийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс хойш хаврын морин уралдааныг зохион байгуулж болох бөгөөд хурдан морь, бөх, сур харваа зэргийг орон нутаг хариуцан зохион байгуулж, хяналтаа тавихаар болсон.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын 2019 онд гаргасан 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар болж байна. Хугацааг Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутаг нь хариуцан шийдэхээр болж байгаа тул хамгийн түрүүнд хүүхдийн эрх хангагдсан байхыг шаардана. Хууль бусаар нэг, хоёрдугаар сард уралдаан зохион байгуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох, хаврын морин уралдаан зохион байгуулах тохиолдолд 12-оос дээш насны хүүхдээр унуулах гэж ёстой гэсэн чиглэлийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас зөвлөмж болгон өгч байгаа" гэсэн юм.

Тэгвэл өчигдөр /2025.01.30/ гаргасан шийдвэрээ эргэж харах, цуцлахыг шаардсан албан бичгийг УИХ-ын нэр гишүүдээс Засгийн газарт хүргүүлж байгаа бөгөөд дэмжиж 10 орчим гишүүн гарын үсгээ зурсан байна.

Учир нь, Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа 2019 онд гаргасан 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг гаргасан. Учир нь Улсын дээд шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг хууль бус болохыг тогтоосон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан. Тэгэхээр Засгийн газрын хуралдааны шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж хуульчид хэлж байгаа юм. 

Тиймээс хууль зөрчсөн шийдвэрээ албажуулахаасаа өмнө эргэн харахыг шаардаж, УИХ-ын гишүүд гарын үсгээ цуглуулж эхэлжээ. Уг бичигт Х.Баасанжаргал, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Х.Булгантуяа, Г.Лувсанжамц, Ч.Анар, Д.Цогтбаатар, М.Мандхай нарын гишүүд гарын үсгээ зурсан байна.