"Эрдэнэс Тавантолгой" ХК-д менежерийн орон тоог шинээр бий болгож "ТV8" телевизийн С.Баярмөнхийг томилжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д менежерийн орон тоог шинээр бий болгож "ТV8" телевизийн С.Баярмөнхийг томилжээ

Засгийн газарт хамтарсан гэх үндэслэлээр МАН, АН, ХҮН намын гишүүдийг яам, тамгын газар, агентлаг, дипломат алба зэрэг бүхий л шатанд албан тушаалд томилох үйл явц үргэлжилсээр байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудад менежерийн орон тоог шинээр бий болгож, МАН, АН, ХҮН намын гишүүдийг томилж байгаа. "Эрдэнэт" үйлдвэрт л гэхэд хяналт хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон.  

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ч мөн менежерийн шинэ гурван орон тоог  бий болгож  МАН-аас "ТV8" телевиз, Сэрүүлэг сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч С.Баярмөнхийг, АН-аас Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцагийг томилоод байна. 

ХҮН намаас мөн нэг хүнийг менежерээр томилох бөгөөд ХАСХОМ-ийг нь АТГ-т хянаж буй учир хараахан ажлаа эхлүүлээгүй байгаа аж. С.Баярмөнхийн хувьд ЕТГ-ын дарга Г.Занданшатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан Баянхонгорынх гэдгээрээ холбогддог бөгөөд үүний өмнө "Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. 

Эдгээрээс гадна Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сар /2024.11/-д шийдвэр гаргаж, МАН-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Гонгконг хотод суух ерөнхий консулаар, Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотод суух ерөнхий консулаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг, ХҮН намын гишүүн Лхагвадоржийг БНХАУ-ын Эрээн хотод суух консулаар тус, тус томилох шийдвэрийг гаргасан байдаг.