Бямба, ням гарагт таарч буй шинийн 2, 3-ны өдрийг ажлын өдөрт шилжүүлж амрах хувилбарыг өнөөдрийн Засгийн газрын хуралд танилцуулна

Бямба, ням гарагт таарч буй шинийн 2, 3-ны өдрийг ажлын өдөрт шилжүүлж амрах хувилбарыг өнөөдрийн Засгийн газрын хуралд танилцуулна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд;

  • Наадмаар буюу долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдөр
  • Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр
  • Шинэ жил буюу нэгдүгээр сарын 01-ний өдөр
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу 3 дугаар сарын 08-ны өдөр
  • Хүүхдийн баяр буюу 6 сарын 01-ний өдөр
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр
  • Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр
  • Бүгд Найрамдах Улс тунхагласний өдөр буюу 11 дугаар сарын 26-ний өдөр
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр бүх нийтээр амарна гэж тодорхой заасан байдаг. 

-УИХ ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА-

Энэ жилийн тухайд Цагаан сарын баяр ирэх сарын 01-ний өдөр /2025.03.01/ буюу бямба, ням гарагт таарч байна. Улмаар шинийн 1 тасарч буй учир шинийн 2,3-ны өдөр гуравдугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гарагт тохиож, үргэлжлүүлэн даваа гарагаас ажил хэвийн үргэлжилнэ. Энэ жилийн Цагаан сарын баяраар богино амарч буй учир иргэд үндэсний уламжлалт Цагаан сар, Наадмаар урт амардаг байх талаарх уриалгыг дэвшүүлж буйгаас гадна шинийн 3-нд тооцогдох байсан даваа гараг амралтын өдөр мөн үү гэдэг асуултыг тавьж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж, зохицуулалтыг хийхээр болсныг бид өмнө нь мэдээлсэн.

Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд зааснаар бид 16 хоног амардаг. Тэр 16 хоногт үр ашиггүй амрах уу эсвэл наадам, цагаан сараар арай илүү урт амрах уу гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Судалгааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралд танилцуулна. Жишээ нь, энэ цагаан сарын амралт хагас, бүтэн сайнд таарч байгаа. Гэтэл хуульд заасан амралтын өдрүүд байдаг. Хуульд заасан амрах ёстой өдрүүд Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж тооцох уу үгүй юу гэдгийг иргэд ярьж байна. Бусад улсад шилжүүлж тооцдог юм билээ. Цагаан сараар амралтын өдрийг оролцуулаад 7 хоног, наадмаар 7-9 хоног амардаг болбол иргэдэд ч амар, дотоодын эдийн засагт үр нөлөөтэй байж болно” гэсэн тайлбарыг хэлсэн юм.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газраас Цагаан сарын амралтын хувилбарыг боловсруулж, өнөөдрийн /2025.01.29/ Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлэн болжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар цагаан сарын шинийн 2,3-ны өдөр Бямба, Ням гарагт таарч буй учир ажлын өдөр нөхөж амраах хувилбарыг салбар яамнаас боловсруулсан байна. Тэгэхээр шинийн 2, 3-ны өдрийг ажлын даваа, мягмар гарагт нөхөж нийт 4 хоног амарч магадгүй байна. 

Цаашид ч хуулийн энэ заалт мөрдөгдөнө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэр гаргасны дараа УИХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд Цагаан сарын амралттай холбоотой өөрчлөлтийг оруулах асуудлыг хэлэлцэж магадгүй тухай мэдээлэл мөн бий.