Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2025.01.28/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 19 удаа хуралдаж, 39 асуудлын хүрээнд 12 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 23 тогтоолын төсөл, Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг ажиллаж байна хэмээн мэдээлэв.

Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг өдгөө ажиллаж байгаа бол Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуулийн төслийг эцэслэн батлуулсан байна.

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрхүү саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хүрээнд өргөдөл гаргасан иргэн Н.Анхзаяа болоод мэргэжлийн хүмүүстэй уулзсан гэлээ. Үргэлжүүлэн өргөдөлд нэр дурдагдсан боомтын захиргааны ажилтнууд, орон нутгийн иргэдтэй уулзаж, бусад судалгаа мэдээлэлд үндэслэн шийдвэрийн төслөө танилцуулан, хэлэлцүүлнэ гэдгийг тэрбээр тодотголоо.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг хууль, тогтоолын төслүүдийг амжилттай батлуулжээ.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 8 хууль, Улсын Их Хурлын 25 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулжээ.

Түүнчлэн Байнгын хорооны 6 тогтоолыг баталж, 1 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 2 ажлыг зохион байгуулсан гэсэн мэдээллийг өглөө.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх  үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хуулийн талаар танилцуулсан. Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн 10 гаруй хоног ажиллахдаа зарчмын зөрүүтэй 60-аад санал боловсруулан шийдвэрлүүлжээ.

Тэрбээр, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэхдээ манай улс цаасан дээрээс буюу хоосон газарт шинээр хот байгуулж байсан түүх байхгүй. Тийм учраас бэлтгэл ажлын хүрээнд буюу төлөвлөлт, бүтээн байгуулалтын үед тодорхой эрх зүйн зохицуулалтууд шаардлагатай байна гэж үзээд Засгийн газраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан. Ажлын хэсэг энэ хууль тодорхой хугацаанд хүчин төгөлдөр үйлчлээд, үүргээ биелүүлсэн үедээ дуусгавар болох, Хархорум хотын үйл ажиллагаа цаашдаа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Хот байгуулалтын тухай хуулиар зохицуулагдаад явах гэсэн үндсэн зарчмыг баримталж ажилласан. Дээрх хуулиар Хархорум хот ямар зарчмаар хөгжих, эдийн засгийн гол агуулга нь юу байх, нийслэл байх уу, эсвэл бүсийн төв байх уу гэдгийг зохицуулсан. Хархорум гэдэг түүхэн нийслэл хотыг сэргээн байгуулахтай холбоотойгоор төлөвлөлтөд ямар зарчмыг барих, үндсэн бүсчлэл ямар байхыг хуульд тусгаж өгсөн гэлээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, УИХ-аар хууль, тогтоолын төслүүдийг үр дүнтэй баталсан хэдий ч баталсан хууль, тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиглэлээр УИХ ажиллана гэдгийг илэрхийлсэн.

Хууль тогтоох байгууллагын чухал чиг үүргийн нэг нь хяналт гэдгийг тэрбээр онцлоод, Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулан УИХ-аар баталсан “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” УИХ-ын тогтоол баталсныг тодотгосон.  

УИХ-ын гишүүн С.Зулпхар, чуулган завсарласан үед гишүүд тойрогтоо ажиллах, салбарын төлөөллүүд, иргэдтэй уулзах, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Намрын чуулганы хугацаанд “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү төлөвлөгөөнд УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг бэхжүүлэх зорилтыг тусгасан. Энэ дагуу Байнгын хороод, ажлын хэсгүүд, гишүүд төлөвлөгөөнд тусгасны дагуу ажиллаж байна. Цаашдаа УИХ хууль баталдаг, тогтоол шийдвэр гаргадаг байгууллага байгаад зогсохгүй хяналтын болон бусад чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. Үүнд Төрийн байгуулалтын байнгын байнгын хорооноос батлуулсан дээрх тогтоол чухал үүрэгтэй юм гэлээ.

Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга, гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.