Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглэлээ. Харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосон түүхэн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Зафер Атешийг “Найрамдал” медалиар шагналаа. Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд З.Атеш талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв. З.Атеш 2021 оны 05 дугаар сард Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.