Энэ жилийн Цагаан сараар билгийн тооллын шинийн нэгэн тасарч, гуравдугаар сарын 1, 2-ны бямба, ням гарагт шинийн 2,3-ны өдрүүд тохиож байгаа тул амралтын хоёр өдөрт золгож, шинийн дөрвөн буюу даваа гарагаас ажлын өдрүүд эхлэхээр байгаа билээ.
Дээрх нөхцөл байдлаас үүдэж олон нийтийн дунд Цагаан сар, Наадам гэсэн үндэсний хоёр том баяраараа олон хоног амарч, бусад шаардлагагүй баярын өдрүүдэд амрахгүй байх санал цахим орчинд гарах болсон.
Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дээрх асуудлыг шийдвэрлэх хоёроос гурван хувилбарыг боловсруулж байгаа аж. Тухайлбал, "Цагаан сараар 7 хоног амрах, Цагаан сар, Наадмаар олон хоног амардаг болгох эсвэл амралтын өдрийг нааш нь татах гэдэг ч юм уу хэд хэдэн хувилбарыг судалж байгаа юм байна. Улмаар сонгогдсон хувилбарыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар оруулах магадлалтай байна" гэж албаны эх сурвалж мэдээллээ.