Х.Баасанжаргал: Уяачид улстөрчдөд нөлөөлж, 2004 оноос хойш хуулийн дагуу хүүхдийн эрхийг зөрчиж, хаврын уралдаан зохион байгуулж эхэлсэн /ВИДЕО/

Х.Баасанжаргал: Уяачид улстөрчдөд нөлөөлж, 2004 оноос хойш хуулийн дагуу хүүхдийн эрхийг зөрчиж, хаврын уралдаан зохион байгуулж эхэлсэн /ВИДЕО/

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өнөөдөр /2025.01.27/ хаврын морин уралдааныг зохион байгуулах нь зохистой эсэх талаар мэдээлэл хийлээ.  

ВИДЕО:

Өнгөрсөн амралтын өдрүүдэд төв талбай дээр "Хаврын уралдааныг зохион байгуулахыг шаардаж" иргэд морьтой жагссан. Миний хувьд хаврын морин уралдаан бол уламжлалт биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс тогтоосон, үндэсний архивын газрын түүхээс тогтоосон.

-2004 ОНООС ХОЙШ ХАВРЫН УРАЛДААНЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛСЭН-

Өөрөөр хэлбэл, 2004 оноос хойш албан ёсоор хаврын уралдаан болдог болсон. Тэгэхээр хаврын уралдаан бол 15 жилийн түүхтэй гэсэн үг. Бид 15 жилийн түүхтэй хаврын уралдааныг өв соёл гэтлээ андуурах хэмжээнд хүрэв гэхээр үүнд би улстөрчдийг буруутай гэж хэлнэ. Улстөрчдийн асар хүчтэй оролцоо байгаа гэж харж байна. Түүхийг нь харвал, 2004 оноос хаврын уралдаан албан ёсоор Засгийн газрын тогтоолтой зохион байгуулагддаг болсон. Учир нь Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдсан уралдаанд уяач оролцох юм бол цол чимэгийг нь олгодог хуультай болсон. Энэ хуулийн дагуу 2004 оноос хойш хууль ёсны дагуу хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн.

-УЯАЧДЫН МАШ ХҮЧТЭЙ ЛОББИ УЛСТӨРЧДИЙН ДУНД ЯВДАГ-

Хоёрдугаарт, 2019 онд Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхий сайд байх үед дээрх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон. Есдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй, сунгаан, тэмцээн, бэлтгэл ажлыг ч зохион байгуулахгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарсан. Харамсалтай нь, тогтоол гарч, хоёр удаагийн шүүхийн том шийдвэртэй боловч өнөөдрийг хүртэл орон нутгуудад хууль зөрчиж ирсэн. Ингэж хууль зөрчиж байгаа нь дахиад л улстөрчидтэй холбоотой. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар би МАН-ын сонгуулийн ажлаар орон нутгуудаар нилээн явсан. Тухайн орон нутагт нөлөөтэй уяачид, мөнгөтэй хүмүүс “Хэрэв, та бүхэн сонгуульд ялья гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ” гэдэг ятгалгыг хүчтэй хийдэг байсан. Өнгөрсөн Цагаан сараар Ерөнхий сайд алдарт уяачидтай суугаад нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлгээр хаврын уралдааныг сөхөж гаргасан. Уяачдын маш хүчтэй лобби улстөрчдийн дунд явдгийн тод хоёр жишээ бол энэ.