Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталснаар намрын чуулганыг хаалаа.
УИХ-ын намрын чуулганы хуралдаанд хамгийн олон удаа оролцоогүй гишүүдээр Х.Баттулга, С.Лүндэг нар нэрлэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Лүндэг 11 удаагийн чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй бөгөөд есөн удаагийн хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй байсан бол хоёрт нь тасалжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд чуулганы хуралдааны нэгд нь л суусан бөгөөд гуравт нь эмнэлгийн чөлөөтэй байж, долоон удаа тасалжээ. Тэгвэл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Х.Баттулга, С.Лүндэг нарт байнгын хорооны хуралд дуудах албан бичиг явуулсан байна.