Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Яков ван Хайердан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт энэ сарын 23-нд Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.
Сайд Б.Батцэцэг түүнд үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Ноён Яков ван Хайердан талархал дэвшүүлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойр хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрбээр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсныг дурдаад, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох чиглэлд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг сайшаан тэмдэглэсэн юм.
Суурин зохицуулагч Хайердан НҮБ-ын системд 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Микронез дахь НҮБ-ын Номхон далайн хойд бүсийг хариуцсан Суурин зохицуулагчаар ажиллаж байжээ.