БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун эмгэнэл илэрхийлжээ

БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун эмгэнэл илэрхийлжээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, ХКН-ын Төв хороог төлөөлөн Төв хорооны Гадаад харилцааны газрын туслах сайд Жао Шытун нар хүндэтгэл үзүүлэн 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд хүрэлцэн ирж, эмгэнэл илэрхийлжээ. 

Энэ үеэр ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхийлөгч П.Очирбатыг Монгол Улсын бүтээн байгуулалт, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ Хятад, Монгол хоёр улсын найрсаг харилцааны хөгжилд чухал түлхэц үзүүлсэн хүндтэй эрхэм хэмээн онцлов. ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын туслах сайд Жао Шытун хэлэхдээ, П.Очирбат Ерөнхийлөгч нь ХКН-ын дотны анд нөхөр бөгөөд Хятад, Монголын харилцааг хэвийн болгоход түүхэн үүрэг гүйцэтгэснийг онцлоод Монголын нийт улс төрийн нам, засаг болон ард иргэд, гэр бүлд нь хандан гүн эмгэнэл илэрхийлэв.