УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. УИХ-ын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг 2017, 2019 онуудад соёрхон баталсан.
Төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулжээ. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, зээлийн хэлэлцээрийг хийгээд байгаа аж.
Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулах хэлэлцээрийн дүнд нэгтгэсэнээр, нийт 700 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Зээлийн хэлэлцээрийн төсөлд Энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна дараах 3 нөхцөлийг шинээр тавьжээ.
Тодруулбал, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх; төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах; Зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2040 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгасан байна. УИХ-ын гишүүдийн олонх нь уг хэлэлцээрийн төслийг дэмжиж, баталлаа.