Өнгөрсөн баасан гараг /2025.01.17/-т Ураны гэрээ үзэглэгдэх өдөр Монголын төрийн өндөр албан тушаалтнууд Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсан хэмээн яригдаж олон нийт Ураны гэрээг эсэргүүцэж байсан юм.
Тэгвэл дээрх ярианы гол эзэд болох АН-ын гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулган, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар “Арева” компаниас авлигал авч ураны тусгай зөвшөөрлийг сунгаж өгсөн байж болзошгүй талаар мэдээлэл гарч эхлээд буй.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “О.Эрдэнэбулган, Д.Үүрийнтуяа гэдэг хоёр хүн авлига авсан тухай Францын шүүх шийдвэрээ гаргасан. Монголын төрийн өндөр албан тушаалтнууд лиценз олгохдоо авлига авсан нь нууц биш болсон. Бүх мэдээлэл надад ирсэн" хэмээн мэдэгдсэн юм. Уг авлигын асуудал нь одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт сануулсан юм.
Тэгвэл энэ талаар АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа өөрийн facebook хуудастаа, "би нь 1,2 сая еврогийн авилга авсан гээд Францын шүүх тогтоогоод АТГ, прокурор нь бичгээ ирүүлсэн гэнэ. Н.Учрал сайд энэ асуудалдаа хариу өгөх байх намайг авилга авсан гээд байгаа хүмүүс тэр мөнгө болоод шийдвэрийг нь гаргаж ирээд тэгээд дараа нь яах ийхээ шийдээрэй. Амь насанд минь заналхийлэгч нар бас баримттай хүн заналхийлээрэй. Бид хуультай улсын иргэд шүү" гэж мэдэгджээ.