УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан нам /АН/ ялагдсаныхаа дараа намын даргаа нийт гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж С.Эрдэнийг сонгосон нь тус нам фракц бүлэглэлээсээ салж, “нэг хүний дарангуйлал”-д орох дөхсөн гэдэг. Харин 2020 оны сонгуульд С.Эрдэнийн удирдаж орсон АН ялагдлын дараа С.Эрдэнэ, Х.Баттулга нар тус намын тамгыг 2-3 жил булаалдсаны эцэст энэ нам монголын улс төрөөс арчигдах дөхсөн гэхэд болно.
-С.ЭРДЭНЭЭС СУРГАМЖ АВСАН АН-ЫНХАН ФРАКЦУУДАА БАЙГУУЛАВ-
“Учир зүй” нь олдохгүй 2-3 жил явсны эцэст АН-ын даргыг хуучин дүрмээрээ буюу Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийнхээ олонхын саналаар сонгож, намынхаа их хурлаар батламжилдаг болсноор өдгөө Л.Гантөмөр тус намыг удирдаж байна. Мөн “С.Эрдэнийн дарангуйлал”-аас сургамж авсан гэгдэж АН-ын хуучин фракцууд нь дахин сэргэж, залуучууд нь ч шинэ фракцуудыг байгуулсан.
Тодруулбал, С.Эрдэнийн “Шонхор”, Х.Баттулгын “МоАХ”, Н.Алтанхуягийн “Алтангадас”, “МҮДН”, “МоАН” гэсэн хуучин фракцууд дээр нэмэгдэж УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хийморь” фракц, 1970 оны залуус нь нийлж “Од” фракц, 1980 оны залуус нь нийлж “Морьтон” фракц, Увс аймгийн АН-ын гишүүд нь нийлж “Анчин” хэмээх фракц, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар З.Нарантуяатай нийлж “Соёмбо” фракцыг байгуулсан байдаг.
Мөн С.Эрдэнийн “Шонхор” фракцаас салсан З.Энхболдын хүмүүс нийлж, шонхор шувуунаас том шувууг бэлгэдэж “Хангарьд” гэх нэртэй фракцыг ч байгуулсан бол С.Эрдэнийг олон жил дагаж яваад, түүнд муриулсан хэсэг залуус нийлж “Үндэсний жигүүр хөдөлгөөн” гэх фракцыг байгуулсан гэдэг.
-НЭГ МОНГОЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ Ц.ТУВААН ТОЛГОЙЛОХ БОЛСОН УУ-
Харин Л.Гантөмөрийг АН-ын дарга болсны дараа сэргэж, шинээр бий болсон энэ олон фракцууд нь өдгөө “Нэг монгол хөдөлгөөн”, “Монде” гэсэн хоёр том нэгдэлд хуваагдан нэгдэх болсон байна. Тодруулбал, 2023 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачлагаар “Нэг монгол хөдөлгөөн” гэгч байгуулагдаж, даргаар нь түүний дотнын найз Н.Ганибал томилогдсон байдаг. Харин энэхүү хөдөлгөөний нөгөө талд АН-ыг С.Эрдэнийн савраас салгаж, УДШ бүртгүүлж, тамгатай болгож өгсөн гэх С.Баярцогтын “Монде” нэгдэл үүсээд байгаа аж.
Харин “Нэг монгол хөдөлгөөн”-д Х.Баттулгын “Хөх туг”, Увсын иргэдийн “Анчин”, “Од”, “Морьтон” фракцын зарим залуучууд, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарын “Соёмбо” фракц, З.Энхболдын хүмүүсийн “Хангарьд” фракц нэгдээд байгаа аж.
Иймд өдгөө АН-ын гишүүд фракцын нөлөөгөө ашиглан хамтарсан Засгийн газарт албан тушаал хашиж байгаа гэдэг. Улмаар улс төрд эзлэх жингийн хувьд хамтарсан Засгийн газарт эзлэх гишүүдээрээ Ц.Тувааны тэргүүлж буй “Нэг монгол хөдөлгөөн” хүчтэй байгаа аж.
Тодруулбал, “Нэг монгол хөдөлгөөн”-ийн гишүүдээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Туваан, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, МУ-ын сайдаар Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү гэсэн таван гишүүн нь хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа аж. Мөн АН-ын дарга Л.Гантөмөр ч тус хөдөлгөөнөө налдаг байна. Иймд тус хөдөлгөөний шинэ жилийн цэнгүүн нь олон хүнийг хамарч, тансаг болжээ.
Харин 2024 оны сонгуулийн дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааны найз Н.Ганибол ажиллах болсон тул “Нэг монгол хөдөлгөөн”-өө саяханаас Ц.Туваан өөрөө удирдах болсон аж.