УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шалган судлах, холбогдох санал дүгнэлт, шийдвэрийн төсөл гаргах үүрэг бүхий Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.
Мэдээллийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Үндэсний аудитын газрын эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Отгонбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засагч А.Батпүрэв нар өгсөн байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгахад нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа тул Энэтхэгээс 462.2 сая ам.доллар нэмж авахаар болж, УИХ-аар зээлийн хэлэлцээрийг хэлэлцүүлж байгаа юм. Зээлийн нөхцөл нь өмнө байгуулсан хэлэлцээрүүдтэй адил жилийн 1.75 хувийн хүү, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, үндсэн өрийн төлбөрөөс эхний таван жил чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаатай байна.
УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон баталбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил зогсолтгүй үргэлжлэх ажээ.
Мөн АН-ын бүлэг Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн тухай мэдээллийг сонссон байна. УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон албаны хүмүүс тогтоолын төслийн танилцуулгыг хийж гишүүдийн асуултад хариулт өгчээ.