Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр боловсролын салбарт Турк Улстай хэрхэн хамтран ажиллах талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Турк Улстай байгуулж буй хэлэлцээр санамж бичгийн хүрээнээс илүү ажил хэрэгч болж байна. Үүн дээр багш солилцоо, багшийн хөгжлийг хангах зорилгоор сургалтуудад хамрагдах, мөн оюутан солилцоогоо нэмэгдүүлье гэсэн заалт орж ирж байгаа. Тодруулбал, Туркийн талаас их дээд сургуулиудад суралцуулах монгол оюутны тоог нэмэгдүүлэх санал тавьж, манай тал ч Туркээс ирж суралцах оюутнуудыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Ер нь Боловсролын салбарт энэ гэрээг байгуулах асуудал 2016 оноос хойш яригдаж байгаад есөн жилийн дараа ийнхүү гэрээ зурагдаж байна. Энэ нь хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны шинэ хуудас боллоо гэдгийг хоёр талын сайд онцлон тэмдэглэлээ. Манай улсаас Туркт нийт 2500 орчим оюутан суралцсан байна. Ялангуяа Анагаахын салбарт манай улсын оюутнууд идэвхтэй суралцаж, нэртэй томоохон эмнэлгүүдэд ажиллаж буй манай улсын 20 гаруй эмч нар байгаа. Мөн байгалийн ухааны чиглэлээр оюутнуудыг олноор нь бэлтгэх шаардлагатай байна" гэлээ.