Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрхэм хүндэт монголчуудаа, эрхэм хөрөнгө оруулагчид аа. Монгол Улс ураны төсөлд хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын за бол андгай хэмээх эцэг, өвгөдийн үг бий. Энэ бол нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг дагаж мөрдөх болно оо. БНФУ бол манай улсын 3 дахь хөрш, Европ дахь дотно түнш юм" гэдгийг тодотголоо.
Харин Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартай "2023 оны 5 дугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлсэн. Мөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь үр дүнгээ өгсөн. Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна.
Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна. Энэхүү хэлэлцээрийн цар хүрээ төдийгүй манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж байгаа юм. Зууч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно.
Манай хоёр улсын харилцаа ямар гүнзгий түвшинд очиж байгааг харуулах өөр нотолгоо хэрэггүй биз ээ. Бидний харилцаа холбоо нь дан ганц ашиг сонирхол биш гэдэг нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар сорилтуудыг даван туулах ёстой вэ гэдгийг нэгдмэл байдлаар ойлгож байна гэдэгт би итгэлтэй байна. Бид тогтвортой, нүүрстөрөгчгүй шийдлүүдийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх, хараат байдлаа хамтран бууруулах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй юм. Бид цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хоёр ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолынхоо төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй юм" гэлээ.