Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Батлан хамгаалахын салбарт хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон асуудлыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоос тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Монгол Туркийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд Гадаад хэргийн сайдтай нь хамтран ажиллаж, ирэх зун Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахаар болж, хоёр улсын байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг бодит ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч ажиллана. Үүнээс гадна Батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр Батлан хамгаалахын яаман дээр нь очиж уулзсан. Энэ хүрээнд дэлхийд эхний 50-д ордог компаниудтай хамтран Монгол Улсад дрон үйлдвэрлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулахаар эхний ээлжинд судалгааны ажлыг хийхээр болж байна.
Мөн Турк Улсын хөрөнгө оруулалтаар тодорхой технологийн шийдлээр галт зэвсэг, сум үйлдвэрлэх үйлдвэр байгуулах гэж байгаа. Энэ үйлдвэр тун удахгүй ашиглалтанд орно. Турк Улс жил бүр 1 сая ам.долларын тусламжийг үзүүлдэг байсан бол энэ нь зогсонги болоод байсан. Энэ тусламжийг сэргээж үзүүлэхээр Батлан хамгаалахын сайдтай нь ярилцаж тодорхой ойлголцолд хүрсэн" гэлээ.