Туркийн тэргүүн хатагтай Эмине Эрдоган Анкара хотноо Монгол улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийг хүлээн авч уулзлаа

Туркийн тэргүүн хатагтай Эмине Эрдоган Анкара хотноо Монгол улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийг хүлээн авч уулзлаа

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар тус улсад энэ сарын 15-19-ний хооронд төрийн айлчлал хийж байгаа билээ.

Туркийн тэргүүн хатагтай Эмине Эрдоган өчигдөр Анкара хотноо Монгол улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Л.Болорцэцэг “Global Zero Waste Declaration of Goodwill” тунхагт гарын үсэг зурав. Турк улс 2017 онд Э.Эрдоганы ивээл дор тогтвортой хөгжлийн зарчмыг дагаж хог хаягдлыг зохицуулах, хүрээлэн буй орчноо хамгаалах ухамсрыг нэмэгдүүлэх зорилготой “Тэг хаягдал” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2035 он гэхэд дахин боловсруулах хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулж эргэх эдийн засгийн дэлхийн жишиг загварыг бүтээх зорилго тавьсан аж. 

Түүнчлэн хоёр улсын тэргүүн хатагтайн уулзалт өчигдөр Туркийн Үндэсний номын санд эхэлж тэндхийн монгол номын хэсэгтэй танилцжээ.

Энэ үеэр Л.Болорцэцэг Э.Эрдоганд монгол соёлыг харуулсан ном, пянз бэлэглэсэн бол Туркийн талаас Ахмед Ханди Танпынар, Мевланагийн номыг бэлэглэсэн байна. Түүний дараа Насреддин Хожагийн нэрэмжит Хүүхдийн номын сан, Ерөнхийлөгчийн нэрэмжит Хүүхдийн асрах газарт зочилжээ. Улмаар тус улсын Аж үйлдвэр, технологийн яамны зохион байгуулж буй үзэсгэлэнг үзээд турк үндэсний хувцас хэрэглэлийн хээ, даавууны талаар мэдээлэл авч, дараа нь турк кофе ууцгаасан байна.