Б.Баярбаатар: Миний сэтгэцийг шалгуулж, эрүүгийн хэрэгт удаа дараа шалгаад юу ч олоогүй учраас эцэст нь зөрчлийн хэргээр баривчиллаа

Б.Баярбаатар: Миний сэтгэцийг шалгуулж, эрүүгийн хэрэгт удаа дараа шалгаад юу ч олоогүй учраас эцэст нь зөрчлийн хэргээр баривчиллаа

Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан лайв бичлэг хийдэг Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх шалтгаанаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэхдээ түүнийг баривчилснаас ердөө тав хоногийн дараа буюу энэ сарын 14-ний өдөр түүнд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан шүүгчийн захирамжийг шүүхээс түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж сулласан юм. Бид Б.Баярбаатарыг суллагдаад байх үед нь ярилцлаа. 

ВИДЕО:

-МИНИЙ ХЭРЭГТ ЯМАР НЭГ ХОХИРОЛ Ч БАЙХГҮЙ, ХОХИРСОН ХҮН Ч БАЙХГҮЙ-

-Өөрийн тань хувьд өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээнд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Чухам юу болоод өнгөрөв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд тийшээ орчихсон байсан учраас гадуур юу болж байгааг сайн мэдссэнгүй. Өчигдөр суллагдаад өнөөдөр ажил дээрээ ирчихсэн байж байна. Эрх баригчдыг шүүмжлэх хүчин, шүүмжлэх хэн нэгэн байхаа больчихсон. Дуугардаг хэдэн лайвчид л байна. Энэ асуудал дээр дуугарах хүн байхгүй болохоор л саяны үйл явдал болсон гэж бодож байгаа. Улс төрийн зорилготой хонгилоор чирчихдэг л юм байна.

-Шүүх хурал болсон үеийн талаар та тодруулж ярихгүй юу?

-Намайг хүмүүс бага ч гэсэн таньдаг учраас энэ хэрэг олны анхааралд ороод ард түмний хүчээр гарч байгаа юм шүү дээ. Жирийн хүнийг бол ганц алх цохиод л явуулчихаар юм байна. Жишээлбэл, тэнд ороод 50-60 залуутай цуг байлаа. Тэднээс давтан үйлдэлтэй буюу гурваас дээш удаагийн үйлдэлтэй залууст 30 хоногийн баривчилгаа оноодог юм байна. Анх удаа шүүхээр орж байгаа иргэдийн 50-60 орчим хувь нь 100 мянгаар торгуулаад өнгөрдөг. Үйлдэл нь жаахан хүнд байвал 7-14 хоног л баривчилдаг юм байна шүү дээ. Гэтэл надад цагдаа нь 30 хоног, прокурор нь 30 хоног, шүүх нь 30 хоног өгөөд л гаргачихсан.

Бусад залуусаас сонсож байхад байцаагч нь 7 хоног, прокурор нь 10 хоног, шүүх нь 7 хоног өгдөг ч юм уу гурван субьект нь хоорондоо ялгаатай байдаг юм байна. Намайг хэрвээ гэмт хэрэг хийсэн гэж үзвэл энэ удаагийнх анхны хэрэг гэсэн үг шүү дээ.

-Таныг энэ хэрэгт буруутгахад хэний гомдлоор, ямар хохирол учирсан учраас зөрчлийн хэргийг үүсгэсэн талаар танд мэдээлэл өгсөн үү?

-Ямар нэг хэрэг хохиролтой байх ёстой. Гэрлийн шон хагалдаг ч юм уу, хэн нэгнийг цохисон бол хохирогч ч юм уу байх ёстой биз дээ. Гэтэл миний хэрэгт хохирогч ч, хохирол ч байхгүй.

Ярьж байгаа зүйл нь юу вэ гэхээр өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэж байгаа юм. Тийм гэмт хэрэг гэж байх уу. Коммент бичиж байгаа иргэд ч юм уу, хип хоп дуулж байгаа залуус тэгвэл юу болох вэ. Бүр нэг алиа, ярихад ч инээдтэй юм даа.

-Таны хэлж буйгаар таны зөрчлийн хэрэг дээр ямар нэгэн хохирол байхгүй. Хохирогч байхгүй гэсэн зүйлийг хэлж байна. Хэн нэгэн танд гомдол гаргаагүй юм уу?

-Ц.Хулан гэдэг иргэн миний хийсэн бичлэгийг үзсэн байгаа юм. Тэгээд өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэсэн гомдол гаргасан гэсэн. Тэр Ц.Хулан гэж ямар хүн юм. Яах гэж миний бичлэгийг үзсэн юм. Хохирчихоод байгаа өсвөр насны хүүхдүүд  нь хаана байна. Өөрсдөө гараад ир л дээ. Хэнд ч хамаагүй хэрэг тохох гэж байгаа байхгүй юу. Хэрвээ намайг яллана гэж байгаа бол миний хийсэн бичлэгийн доор коммент бичиж байгаа хүмүүс яах вэ. Комментоор хараал хэлдэг хүмүүс маш олон байдаг. Тэр хүмүүс тэгвэл надтай ижил зүйл ангитай гэсэн үг шүү дээ. Дээр байгаа нөхдүүд ч, доор нь долоогоод гүйгээд байгаа нөхдүүд ч солиорчихсон байна. Даргадаа таалагдах гээд бүр хийх ажлаа олж ядчихсан.

-Таныг баривчилсан асуудал нь төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа иргэдтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаг, мэдээлэл, эргэлзээ иргэдийн дунд байна л даа. Тэгэхээр танд зөрчлийн хэрэг хэзээ үйлдээд, хэзээ энэ хэрэг шүүхээр ороод, энэ шийдвэр гарсан бэ. Процесын хувьд хэр хурдан болж өнгөрөв?

-Процесс хурдан үргэлжилсэн. Арванхоёрдугаар сарын 30-нд намайг дуудаад тэр өдрөө очиж мэдүүлэг өгсөн. Тэгээд он гараад дуудах юм болов уу гэсэн чинь дуудаагүй. Миний хувьд ийм хачин зүйл дээр хэрэг нээнэ ч гэж юу байх вэ гээд бодоод өнгөрсөн. Гэтэл энэ сарын 9-ний орой яриад тэр үед нь би дахиад яваад очиход маргааш нь болгоод хойшлуулчихсан байсан. Шүүгчтэйгээ ярьж байгаад цагдаа нь хойшлуулчихсан байгаа байхгүй юу. Би хэрэг хийгээгүй юм чинь маргааш өглөө нь очиход ийм шийдвэр гаргачихсан. Жагсаал цуглаантай холбоотой эсэхт хардлага байж болох юм. Гэхдээ нэг их холбоогүй байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл би өмгөөлөгч авна гээд хэлчихвэл миний шүүх хуралд долоо хоногоор ч юм уу хойшилчихно шүү дээ. Тэгэхээр тэр жагсаал нь болоод өнгөрчихнө. Тийм учраас тэр жагсаалтай онцын хамааралгүй байх гэж бодоод байгаа. Эсвэл би өмгөөлөгч авья гэж хэлсэн ч хорих байсан байж магадгүй. Тэрийг хэлж мэдэхгүй байна.

-Тэгэхээр өмгөөлөгчгүй хуралдсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Би хэрэгтэйгээ ч танилцаагүй шүү дээ. Байцаагч нь хэд хоногийн ял төлөвлөөд түүнийг хянасан прокурор юу гэж дүгнэсэн талаар юу ч мэдэхгүй. Шүүгч нарын ёс зүй ч гэж үнэндээ л байхгүй юм байна лээ. Тэр шүүгч бараг олон нийтийг үл хүндэтгэсэн гээд өөрөө ял авах ёстой байхгүй юу.

-НАМАЙГ ХОРЬСОН ҮЕД ЭХНЭР МИНЬ ГАНЦААРАА БАЙЖ БАЙГААД ТӨРЖ, ТҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЯМАР НЭГЭН ЭРСДЭЛ ТУЛГАРВАЛ ЯАХ ВЭ. БИ ТҮҮНЭЭС Л АЙЖ БАЙНА-

-Өчигдөр таныг хорих шийдвэрийг түр түдгэлзүүлээд суллалаа. Үүн дээр ямар процес өрнөв. Та суллагдсаныхаа дараа АН-д элсэнэ гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна л даа?

-Би МАН, АН хоёрыг хоёуланг нь шүүмжилдэг. Би ямар нэг баг болж, хүмүүстэй хамтрах юм бол дуу хоолойгоо хүргэж чадах юм байна гэдгийг ойлгосон. Үнэнээ хэлэхэд өнгөрсөн оны есдүгээр сарын үед ИЗНН-д элсье гэж бодож байсан. Энэ хоёр намаас арай тусдаа байдаг нам гэж боддог. Гэтэл нөхцөл байдал, хувь тавилан ингэж эргэж байна. АН-д янз бүрийн нөхдүүд зөндөө л байгаа байх. Гэхдээ ядаж л хүний эрхийг дээдэлж байна шүү дээ. Намайг хилсээр хорьж байхад огт танихгүй хүмүүс ч хүртэл хүрээд ирж байна. АН-ын Хүний эрхийн хорооны дарга, н.Ариунболд гэж хоёр хүн ирээгүй байсан бол би одоог хүртэл тэндээ байж л байгаа. Манай эхнэр жирэмсэн. Өнөө маргаашгүй төрөх гэж байна. Миний өр, зээлийг хэн төлөх вэ. Ганцаараа байж байгаад жирэмсэн эхнэр маань өвдөхөд тэр хүн өөрөө усаа гоожуулаад машинаа бариад явна гэж байх уу.

Сонирхуулж ярихад би 2016 онд хоёр дахь хүүгээ өөрөө эх барьж авч байлаа. Манайх 00 тоот хөлсөлдөг байсан. Миний муу хань чинь төрөхийнхөө урд өдөр ажлаа хүлээлгэж өгчихөөд ганц өдөр амарсан болчихоод маргааш нь өвдөөгүй байж байгаад гэнэт намайг дуудсан. Яасан бэ гэсэн чинь “Ус гарчихлаа” гэсэн. Тэгээд харсан чинь хүүхдийн толгой цухуйчихсан байсан. Би өөрөө эх барьж авч байсан. Одоо тийм юм болбол яах уу.

-Та ер нь цахим сүлжээнд анх бичлэг хийх санаагаа яаж, юунаас олж авч байв. Энэ талаараа хуваалцахгүй юу?

-Би бусад хүмүүс шиг од болоод таван цаас хийчихье гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар лайв хийж эхлээгүй. 2004-2007 онд үндэсний бөхөөр барилдаж байсан. Одоогийн аварга, арслан, заануудтай бүгдтэй нь барилддаг байлаа. Бөх дотор ороод хоцрогдсон, хуучирсан юм байна гэдгийг мэдээд төсөл бичээд түүнийгээ хийх гэж их явдаг байлаа. Хэвлэл мэдээллийнхнийг гуйна. Тэгж байтал фэйсбүүк лайв гэдэг юм гарч ирээд бодсон санаснаа ярьж болдог юм байна. Улс орноо яаж хөгжүүлэх үү гэж байнга боддог. Олон жил бодож санаж явсан зүйлсээ гаргах боломж олдож байгаа юм байна гээд ярьдаг болсон. Нэг юм хэлэхэд, намайг хүмүүсийг доромжилдог, хараадаг гээд байгаа. Би үнэхээр хүнийг харааж, доромжилж байсан юм бол өнөөдөр яагаад монголын ард түмэн намайг дэмжээд байгаа юм. Хохь нь, больж л гэнэ шүү дээ. Энэ чинь би наанаа хараагаад байгаа боловч цаана нь эх орны төлөө гэсэн зүрх сэтгэл байна гэдгийг тэр хүмүүс ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр миний доторх бодол зөв явж байна гэсэн үг. Би бол эх орноо бодож сэтгэл зүрхээрээ л лайв хийдэг. Гэхдээ хүмүүсийг ор моргүй гүтгэдэггүй. Дандаа л бодит байдал дээр нь ингэдэг юм байна шүү, тэгдэг юм байна шүү гэж илэрхийлдэг. Дандаа хошин юм яриад байвал алиалагч шиг болдог. Загнах үедээ загнана, энгийн ярих үедээ ярина. Хамгийн гол нь энгийн ярьсан юмыг  хүн үзэхгүй. Янз янзын хэлбэрээр ярьдаг.

-Та сая хууль хяналтын байгууллагаар шалгууллаа. Та цаашид лайваа үргэлжлүүлэх үү, олон нийтэд мэдээлэл түгээх үү?

-Хүмүүс намайг айгаад Ардчилсан намд орчихлоо гэж бодоод байх шиг байна. Надаас чинь өө хайгаад байгаа ш дээ. Сэтгэцийн эмнэлгээр шалгууллаа, цагдаагийн газруудаар бүгдээр нь явчихсан. Би чинь хүнээс юм аваагүй, хүнд өгөөгүй. Хэн нэгний гар хөл биш. Шалгаж явсаар байгаад аргаа бараад ийм зүйл хийж байна. Энэ чинь болж л байдаг процесс. Яагаад энэ удаа ингэж хүнд тусаад байна гэхээр эхнэр маань өнөө маргаашгүй төрчих гээд байна. Энэ амьдралаа эхнэр бид хоёр авч явж байна. Бид бүгдээрээ ижил өр зээлтэй. Манайх сард 10 сая төгрөгийн зээл төлдөг. Авлигачид сонсоход инээдтэй л юм сонсогдож байгаа байх. Хөдөлмөрлөж олж байгаа хүмүүсийн хувьд асар их мөнгө. Арван сая төгрөгийн зээл төлнө гэдэг чинь алаан байхгүй юу.  Би нэг сар суулаа. 10 сая төгрөгийн өрөнд орно. Гурван сар суулаа гучин сая төгрөгийн өрөнд орно. Би төлж чадахгүй. Бүх юмаа хураалгана. Үүнийг чинь сар бүр хөдөлмөрлөж байж төлдөг. Энэ утаснууд сарын дараа гэхэд үнэ нь буучихна. Тэгээд л балрана гэсэн үг. Одоо ийм эмзэг үе таарчихаад байна. 2018, 2019 оноос эхлээд л би цагдаад дуудагдаад, шалгагдаад явдаг байсан. Бидний үеийнхэн чинь тийм ш дээ. Хүн нэг алгадчихад, загначихад гомдоод байх юм байхгүй. Одоогийн залуус бол хүнд тусгаж авна. Цагдаад өгчихсөн байна гэх мэт олон зүйл болно. Өөрөөсөө мөнгө гаргаад сэтгэлээрээ нэг барилдаан зохиочихлоо гэхээр л татвараас дуудаж байна гэнэ. Чи яаж мөнгөтэй болсон бэ гэх мэтээр. Ажиглаад байхаар дандаа дээрээсээ захиалгатай байдаг юм билээ. Хоёр өмгөөлөгчийнхөө нэрийг мартчихсан. Содномдорж, Хандармаа хоёртоо маш их баярлалаа. Гол нь монголын ард түмэндээ баярлалаа. Зөндөө олон баярлах хүмүүс байна. Одоо миний хувьд аль болох эхнэрээ сайхан амаржуулаад бие нь тэнхрээд ажилдаа орох хүртэл нь мэдрэлээ амраагаад, энэ хэдэн утсаа аятайхан тайлбарлаад сууя гэж бодож байна. Намайг алга болчихлоо гэж битгий бодоорой.

-ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ЭХЛЭЭД ШЭЙРЛЭЖ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭСЭН. БИ БҮХ ХҮНД ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА-

-Тэгэхээр лайваа хийнэ гэсэн үг үү. Эхний лайв хэзээ байх вэ?

-Би хүмүүс шиг сенсааци дэгдээгээд орилж чарлаад явах сонирхолгүй байна. Талархал илэрхийлээд, сая тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа гээд лайв хийнэ. Монгол Улсын дархан аварга Н.Батсуурь хамгийн анх шэйрлэсэн. Тэгээд манай Мөнх-Эрдэнэ захирал шэйрлэсэн. Хүмүүс төсөөлөхдөө бөхчүүд намайг үзэн яддаг ч юм уу. Гэтэл үгүй. Цаанаа энэ хүн чинь бөхийн төлөө гэдгийг мэдээд байна. Батсуурь аваргадаа баярласан шүү гэж хэлье. Сумкадаа хайртай шүү. Н.Батсуурь аваргыг дуугарангуут цаашаа Лодойсамбуугаас эхлээд дуугараад эхэлсэн. Тэгээд ер нь нийгмийн хандалтыг авсан. Яахав намайг тогтмол үздэг 100-150 мянган хүн байдаг. Тэр хэд маань бол мэдээж оволзсон байх. Энэ хэдийнхээ хүчээр л гарч ирлээ дээ.

Энэ бол монгол улсын бүх хүнд хамаатай. Одоо намайг хараагаад сууж байгаа хүмүүст би гомдож байна гэхэд л “Тэр хүн 30 хоног” баяртай болохоор байна. Тэгэхээр энэ бол хүн бүхэнд заналхийлж байна гэсэн үг. Би isee.mn сайтын хамт олонд маш их баярлалаа. Танайхыг би хоёр, гурван жилийн өмнөөс мэднэ. Жагсаалын үеэр мэдэж авч байсан. Эрч хүчтэй залуус маш хурдан хугацаанд олон нийтэд танигдаж, хандалт авч гарч ирж байсан. Маш хөдөлмөрч залуус байна гэж харсан.  Та бүхэнд баяр хүргэе гэж хэлмээр байна.

-Баривчлах байранд хүний эрхийг зөрчсөн ч юм уу, хүнд хэцүү санагдсан зүйлс байсан уу?

-Боловсрол дээр анхаармаар байна.

Хоёрдугаарт, тэр хорих байр асар хүйтэн байна. 21 дүгээр зуун ш дээ. Би хоёр футболка, хоёр давхар цамц, куртиктэй сууж байхад даараад байсан. Тийм нөхцөлд хэд хоноод гараад ирлээ. Тийм орчинд хүн 14 хоногоос дээш хугацаанд суувал бөөр дотор эрхтэний ямар нэг өвчтэй болох юм билээ. Жил хоёр жил сууж байгаа хүмүүс өвчний үүр болох юм билээ. Маш хүйтэн. Түүнд анхаармаар санагдсан.

Гуравдугаарт, Бас нэг зүйл нь 24 цаг дээр гэрэл асаачихдаг юм билээ. Хүн яаж унтах уу. Хүн чинь байгалиасаа өдөр сэрж, шөнө унтаж байх өгөгдөлтэй. 24 цаг гэрэл ёлтойтол асаачихаар хүн яаж унтах уу. Үүнийг чинь барууны оронд эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр гэж үзэж байгаа. Бас түүнд анхаармаар санагдсан.

Дөрөвдүгээрт, бас нэг анхаармаар зүйл нь социализмын үе шиг цагаар бие засуулдаг. Тэнд байгаа хүмүүс таван цулын шөл гэх мэт тостой хоол идээд, хүйтэн орчинд байхаар гүйлгэх болдог. Нөгөө ариун цэврийн өрөө нь түгжээтэй. Цагаар оруулдаг. Тэдээс тэдэн цагийн хооронд орно гэсэн байдаг юм билээ. Бусад үед нь орох боломжгүй. Тэгэхээр өмдөндөө баах юм уу, шээх болдог. Гүйлгээд байгаа хүмүүст ямар хэцүү байх уу. Надад бол аз болоход тийм зүйл болоогүй. Сүүлийн үеийн 2000-аад оны гэдэс идэж өсөөгүй залууст тийм зүйл асар их тохиолдож байна лээ. Өмдөндөө баачих гээд. Тэнд чинь долоо хоногт нэг удаа эргэлт авдаг юм билээ. Тэгэхээр тэр залуус өмдөндөө дусаачих юм бол баасаа үнэртүүлээд яваад байх уу. Баастай турсиктэй тэнд суугаад байх уу. Шээс задгайрах гээд өвчтэй хүмүүс хүйтэн орчинд очоод сэдэрчихдэг. Өмдөндөө тодорхой хэмжээнд дусаачихдаг. Шээстэй өмд нь бараг хөлдөөд яваад байна. Хорих байгууллагын баривчлах байранд тийм дөрвөн зүйл дээр анхаармаар санагдсан. Хүний эрхийн асуудал яригдаж байна. Түрүү булчирхайн өвчтэй болоод бэлэг эрхтэн нь босохоо больчихвол яах уу. Шамбарам өвчтэй хүмүүсийг явган суулгаад байхаар шамбарам нь хүйтэнд шууд эргэчихдэг. Тэрийгээ буцаагаад гараараа хийгээд л хэцүү юм билээ. Энэ дөрвөн зүйл дээр анхаармаар санагдсан.