Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн жил болгон зарласантай холбогдуулж тулгамдсан асуудал болох утаа болон түгжрэлийн эсрэг бүтээн байгуулалтад хандив тусламжийг чиглүүлэх уриалга гаргасан. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн үйлдвэрийн газрууд татварын хөнгөлөлт дэмжлэгийг Улаанбаатар хотын утаа түгжрэлийн эсрэг зориулахаар нарийвчилан журамлахаар боллоо.
Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийн талаар одоогийн байдлаар албан мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ бид хаврын чуулганаар Татварын багц хуулийн шинэчлэлийг өргөн барина. Засгийн газрын энэ удаагийн өргөн барих Татварын хуулийн шинэчлэлийн цөм нь НӨАТ байх болно. Татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн И баримтын систем боловсронгуй болсон, олон улсын стандартад нийцсэн. Зарим улс манай И баримтын жишээг туршлага болгож, биднээс суралцаж байгаа. Эдгээр боломжууд дээрээ суурилаад НӨАТ-ын шинэчлэл хийнэ.
НӨАТ төлөгч нарын 10 хувь нь НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг. Хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх бус аль болох бага орлоготой хэсэг рүүгээ НӨАТ-ын буцаан олголт, хөнгөлөлт үзүүлэх цогц Татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн барихаар Засгийн газар бэлдэж байна. Татварын багц өөрчлөлтөөр нэг ч хувь хэмжээг нэмэхгүй. Эдийн засгийн өсөлт, боломжууддаа суурилан төсвийн орлого талдаа татварынхаа суурийг тэлэх зарчмаа барина. Харин татварыг иргэд, ААН-үүдэд илүү ойлгомжтой байх чиглэл рүү цогц өөрчлөлтүүдийг бэлдэж байгаа. Мөн нэг, хоёр, гуравдугаар сард татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Санал асуулга аваад эхэлсэн. УИХ-ын намрын чуулган завсарлахаар олон нийтийг хамруулсан дунд шатны аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийг хамруулсан хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлгүүд дээр асуудлуудыг нарийвчилж ярилцана, саналуудыг авна" гэлээ.