ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.01.13/-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.  

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. УИХ-ын зүгээс Төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг 2017, 2019 онуудад соёрхон баталсан бөгөөд төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн. Төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэх шаардлагыг баталгаажуулжээ.

Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, Зээлийн хэлэлцээрийг хийж байна гэлээ. Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулах хэлэлцээрийн дүнд нэгтгэснээр, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар төсөлд тусгажээ. Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Тус Зээлийн хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг болох “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад чухал ач холбогдолтой юм.

“Эрчим хүч-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл” нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  “Шинэ сэргэлтийн бодлого” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, эрчим хүчний өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тодотгов. Засгийн газрын зүгээс тус төслийн зээлийн хэлэлцээрийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж,  Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. Төслийг Дэлхийн банкны 47.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд тус зээл нь СОФР буюу баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй юм байна. Зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлснээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудын өргөтгөн, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг саадгүй хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.