Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд болон консул, дэд консулын томилгооны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ "Элчин сайдаар мэргэжлийн дипломатчийг сонгох шалгуурыг тавьдаг. Дотоодоосоо буюу 100 буюу Гадаад харилцааны яамны дипломатчуудыг сонгоно гэж би бодож байна. Дэлхий нийтэд 70 хувийг салбараасаа 30 хувийг улс төр зэрэг бусад салбараас сонгодог жишиг бий. Ингэхдээ өмнө нь гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хэлтэй, олон улсын харилцаагаар мэргэшсэн, тухайн орны онцлог зэргийг харгалзаад томилдог. Миний хувьд Гадаад харилцааны салбарт насаараа ажиллаад бэлтгэгдсэн, анхан шатнаас нь ажиллаад Элчин сайд болох болзлоо хангасан бүх хүнээ Элчин сайдад санал болгоно гэж бодож байна. Хамтарсан Засгийн газарт орсон Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд надад санал тавьж байгаа. Мөн Ерөнхий сайд надад үүрэг өгсөн. Зарчмаа барьж, хамтарсан Засгийн газарт ажиллаж буй боловсон хүчнүүдийг тодорхой хэмжээнд томилох үүрэг өгсөн. Гурван консулын газарт гурван намаас хүн томилогдсон. Дараа нь санал болгосон хүмүүст бид шалгуураа тавьж, хэлний шалгалт авч байгаа. Боломжгүй зарим хүмүүст боломжгүй гэдэг хариуг өгсөн. С.Эрдэнийн хувьд намын даргаар ажиллаж байсан, орос хэлтэй. Ардчилсан намаас санал болгосон. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүй учраас дэд консулаар тавьж байгаа. Консулын газар нь түлхүү иргэдтэй ажилладаг. Чикаго хотод харьцангуй олон монголчууд ажиллаж, амьдардаг хот. Тэгэхээр иргэдтэй харилцах харилцааг нь бодож энэ хотод дэд консулаар томилсон. МАН-аас санал болгосон Д.Одбаярыг консулын газрын тэргүүнээр санал болгосон. Орос, англи хэлтэй, Гонг Конг хотод сурч байсан. Д.Одбаяр даргыг томилоход татгалзах зүйлгүй гэдгээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн" гэлээ.