УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногийн баасан гарагт завсарлах төлөвтэй байна

УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногийн баасан гарагт завсарлах төлөвтэй байна

УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн Баасан гариг буюу нэгдүгээр сарын 17-нд завсарлуулахаар төлөвлөөд байна. УИХ-ын ээлжит чуулганыг 75 хоног хуралдахаар хуульчилсан бөгөөд энэ хугацаа гүйцсэн тул завсарлуулах болжээ. УИХ-ын намрын чуулганыг 2024 оны аравдугаар сард нээсэн юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламент эхний намрын чуулганаа ийн өндөрлүүлэх гэж байна. Энэ хугацаанд парламентаар Монгол Улсын 2025 оны төсвийг хоёр удаа хэлэлцэн баталсан гэж хэлж болно. Учир нь, эхний баталсан 2025 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг УИХ үндэслэлтэй гэж үзэн хүлээн авсан. Үүний дараа Засгийн газар 2025 оны төсвийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин мэдүүлж, батлуулсан юм.

Мөн намрын чуулганаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлаад буй.