Энэ жил 50 орчим хүнийг Элчин сайд, консулаар томилно. Үүнээс 21 нь Элчин сайдаар томилогдох юм. Элчин сайд, консулаар томилогдох хүмүүсийн дотор улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс бий.
Тухайлбал, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон бөгөөд тэрбээр төрийн албаны шалгалт өгчхөөд тус улс руу явахаар бэлдэж байгаа гэх. Мөн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Бүгд Найрамдах Польш улсад суух Элчин сайдаар томилсон.
Эдгээрээс гадна Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сар /2024.11/-д шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Гонгконг хотод суух ерөнхий консулаар, Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотод суух ерөнхий консулаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг, ХҮН намын гишүүн Лхагвадоржийг БНХАУ-ын Эрээн хотод суух консулаар тус, тус томилох шийдвэрийг гаргасан байдаг.
Гэхдээ дээрх гурван хүнийг “айлын” талаас хүлээж авах эсэх талаараа хариу өгөхгүй хоёр сарын хугацааг өнгөрөөж байгаа аж.
Тодруулбал, тэднийг тухайн улс нь албан ёсоор зөвшөөрч хүлээн аваагүй бөгөөд ажлаа эхлүүлээгүй гэсэн үг. Д.Одбаярын хувьд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаж тус албан тушаалаасаа огцорч байсан юм. Мөн Д.Одбаяр нь 2018 онд Цэцийн даргаар ажиллаж байхдаа Тайванийн цэцийн даргыг Монголд урьж байжээ. Үүнд манай улсад суух БНХАУ-ын Элчин сайд дургүйцэж, манай талаас зарим уулзалтыг нь цуцалж байсан байна.
Үүнээс нь үүдэн Д.Одбаярыг БНХАУ-ын тал хүлээж авахгүй байх магадлалтай аж. Дээрхээс гадна тун удахгүй УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийг Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин зөвлөхөөр, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэгийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суух Элчин зөвлөхөөр томилох аж. Тэд төрийн албаны хуульд заасны дагуу хэл болон ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгөхөөр хүлээж буй талаар албаны эх сурвалж хэлэв. Тэднийг Элчин зөвлөхөөр томилох учир Гадаад яамнаас шууд шийдвэр гаргаж, томилгоо хийх аж.