Л.Золбаатар: Иргэд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг “ажил хийж байна” гэж үзсэн тул рейтинг нь өсөлттэй гарчээ /ВИДЕО/

Л.Золбаатар: Иргэд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг “ажил хийж байна” гэж үзсэн тул рейтинг нь өсөлттэй гарчээ /ВИДЕО/

“МЭК” ХХК 2014 оноос хойш жил бүр улстөрчдийн рейтинг тогтоох судалгааг иргэдээс авч гаргадаг бөгөөд энэ оны нэгдүгээр сард У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын рейтинг өсөлттэй гарсан байна. Энэ талаар “МЭК” ХХК захирал Л.Золбаатараас тодрууллаа.

-Нэгдүгээр сард улстөрчдийн, тухайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын рейтинг ямар гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг нэгдүгээр сард 0.1 пунктийн өсөлттэй гарсан бөгөөд үүнд Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан болон Хавдарын эмнэлэг барих шийдвэр гаргасан зэрэг шийдвэрүүд нөлөөлсөн. Харин УИХ-ын үйл ажиллагааны рейтинг долдугаар сард 5 хувьтай байсан бол түүнээс хойш буурсаар нэгдүгээр сард 2.9 хувьтай гарсан байна. Парламентад иргэд “Ажлаа хийж л байгаа”, “Шинэ бүрэлдсэн болохоор сайн мэдэхгүй байна” гэдэг үнэлгээг өгсөн байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг нэгдүгээр сард 0.2 пунктээр өссөн үзүүлэлттэй гарлаа. Үүнд “Мега төслүүд эхэлж буй”, “Эдийн засгийг сэргээх бодлого” хэрэгжүүлж байна, “Авлигын эсрэг ажиллаж байна” зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ. Мөн хотын дарга Х.Нямбаатарын рейтинг нэгдүгээр сард 0.4 пунктээр өссөн байна. Иргэд Х.Нямбаатарыг “Утаа, замын түгжрэлийг бууруулах ажил хийж байна”,”Торгуультай машин хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон” зэргээр зөв буруу нь хамаагүй ажил хийж байна гэж үзсэн тул рейтинг нь ийн өссөн байна.

-Танай судалгаанд үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг нэрлэх асуулга бас байдаг. Нэгдүгээр сард хэн хэний рейтинг хэдэн хувиар өссөн бэ?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг 1 хувиар өсч 21 хувьтай улстөрчдийн рейтингийг тэргүүлж байна. Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орж байгаа бөгөөд рейтинг нь өмнөх сараас хоёр хувиар өсөлттэй гарчээ. Харин гуравт УИХ-ын гишүүн Х.Баттулга орж байгаа бөгөөд түүний рейтинг өмнөх сараас 14 хувиар өсөлттэй гарсан байна.  

ВИДЕО: