Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барихаар болжээ. Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яаманд боловсруулж буй мэдээлэл байна.
Өнөөдөр ажил олгогч 12.5 хувь, ажилтан 11.5 хувийн татварыг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Тэгвэл дээрх хуулийн хүрээнд тус шимтгэлийг бууруулах аж. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Яг хэдэн хувиар бууруулна гэсэн тооцоолол одоо гараагүй байна. Үүнийг татварын шинэчлэлтэй хамт хийх ёстой. Хүн амын орлогын албан татвар, аж, ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний болон аж, ахуй нэгжийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдэд ашигтай бөгөөд төсвийн эх үүсвэрт ачаалал үүсгэхгүйгээр өөрчлөх ёстой. Бодлогын хувилбарууд гаргаад явж байна" гэж NTV телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.