Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тантай уулзжээ.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиож, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг онцолж, цаашид харилцаа холбоо, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр ярихдаа “Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд гар утас болон суурин компьютер ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг “Цахим засаглалын индекс” -ээр 28 байраар урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв. Үүнд, “И-Монгол академи”-ийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Иймд Вьетнамын төрийн үйлчилгээг иргэдэд нь хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна” гэв.
Харин БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань “Сүүлийн жилүүдэд манай улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Дэлхийн томоохон IT компаниуд сонирхох болсон. Энэ хүрээнд NVIDIA компанитай хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнгөрсөн сард байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх судалгааны төв” болон “Хиймэл оюун ухааны өгөгдлийн төв” байгуулахаар төлөвлөсөн. Мөн хагас дамжуулагчийн чипийн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Мэдээллийн технологийн салбар Вьетнамын эдийн засагт онцгой байр суурийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах орон зайг эрэлхийлж байна” хэмээн ярьжээ.
Уулзалтын төгсгөлд Ц.Баатархүү сайд 2025 онд Монгол Улс дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн их өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Вьетнамтай харилцан туршлага судлах, хоёр улсын стартап компаниудыг харилцан бойжуулах чиглэлд хамтарсан хөтөлбөр эхлүүлэх, шинэ гарч буй технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж талаар дурджээ. Манай улсын хувьд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг эзэлдэг юм. Харин Вьетнам мэдээллийн технологийн компаниудыг эхний дөрвөн жилийн хугацаанд ААНОАТ-аас чөлөөлж, дараагийн есөн жилийн хугацаанд 50 хувиас эхлэн шат дараатай бууруулан, сүүлийн хоёр жилд 10 хувь хүртэл буруулах зарчмаар төрөөс дэмждэг ажээ. Тус улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.0 хувь буюу борлуулалтын орлого нь 150 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад өсөлт нь хоёр дахин өндөр байна.