Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд уг хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувь нь хамрагдаж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгааг шинэчлэх, үргэлжлэн бий болох зудын хүнд нөхцөлийг даван туулах хүрээнд даатгуулагч малчин болон даатгалын компани хооронд байгуулсан тухайн жилийн гэрээний дүнг үндэслэн нөхөн төлбөрийн тодорхой хэмжээг нэг удаа урьдчилсан байдлаар олгох зэрэг зүйл заалтыг боловсруулжээ.

Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар малчдын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж тогтвортой байдал, зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тухайлбал, нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгаснаар үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.