Ч.Ундрам: Хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ

Ч.Ундрам: Хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас боловсролын салбарт ирэх жилүүдэд хийгдэх онцлох ажлын талаар тодрууллаа. 

ВИДЕО:

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Өнөөдрийн хамгийн чухал асуудал бол өнгөрсөн хугацаанд бидний баталсан Боловсролын хуулийн хэрэгжилт газар дээрээ хэрхэн бууж байна, энэ хуулийг дагаж гарсан 40 орчим журам хэрхэн хэрэгжиж байна гэдэгт анхаарал хандуулж байна. Цаашид боловсролын бодлого хаашаа явах юм, бүгдээрээ нэг зүг рүү харья гэсэн бодолтой уулзаж байна. Байнгын хороо, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтарч төлөвлөгөө гаргах зорилгоор чуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд бид боловсролын салбарт олон улсын үнэлгээ хийлгэхэд хот, хөдөөгийн боловсрол нилээд ялгаатай байсан. Харин улсын сургууль, хувийн сургуулийн хооронд нэг их ялгаа гараагүй. Хөдөөгийн сургуулийг илүү сайжруулахын тулд хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт 40 хувийн нэмэгдэл олгох ч юм уу, нийгмийн баталгааг хангах заалтуудыг Боловсролын хуульд тусгаж өгсөн. Үүний үр дүнд сумдад ажиллах багш нарын тоо нэмэгдэж байгаа. 

Мөн хөдөөгийн сургуулийн орчинг сайжруулах, нүхэн жорлонгоос салгах, лабораторитой болгох гэх мэт асуудлыг 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлэхийг зорьж байна. 

Сургалтын хөтөлбөр бол улс орны хар хайрцагны бодлого байдаг. Хөтөлбөрийн агуулга дээр маш том ажлын хэсэг гарсан байгаа. Бага ангийн хөтөлбөрүүдээ боловсруулаад хичээлээ багасгаад агуулгаа дэлхийд өрсөлдөх монгол хүнийг бэлтгэх чиглэл рүү болгож байгаа. Эхний сурах бичгүүдээ бэлтгэчихсэн байгаа.