Н.Оюундарийг Польшид суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дэмжлээ

Н.Оюундарийг Польшид суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дэмжлээ

Өнгөрсөн 12 дугаар сарын 26-нд Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д хүргүүлсэн. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилуулахаар санал болгосон байдаг.

Уг саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжсэн бөгөөд Н.Оюундарийг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Тодруулбал, хуралдааны төгсгөлд Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг дэмжье гэсэн агуулгаар санал хураахад, саналт хураалтад оролцсон 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар дэмжлээ.

Түүний хувьд 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тэрбээр ажлын гараагаа Монголын үндэсний бүтээмжийн төвөөс 1995 онд эхэлж, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байгаад 2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга болсон. 2004 онд НҮБ-ын “Биологийн төрөл зүйл”-ийн суурь конвенцийн дэд Ерөнхийлөгч, 2006 онд Швейцар улсын Женев хотноо НҮБ-ын Дундад Азийг хариуцсан зөвлөх зэрэг олон улсын байгууллагад ажилласан байна. 2008 – 2014 онд НИТХ-д МАН-аас нэр дэвшиж, сонгогдон Сүхбаатар дүүргийг төлөөлөн ажилласан. 2010 оноос “BlueMon” группын үүсгэн байгууллагчдын нэг бөгөөд, группын зөвлөхөөр ажилласан. 2014 оны 12 сараас 2015 оны 8 сарын хугацаанд Гадаад хэргийн дэд сайдаар ажилласан байна. 1997 оноос МАН-ын дэргэдэх НАМСЗХ-ы орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллаж, эхэлснээс хойш МАСЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МАХН (1994 оноос)-ны хорооны гишүүн, МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад бөгөөд 2023 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.