Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам /АН/ орсноор монголд сөрөг хүчний дуу, хоолой байхгүй боллоо гэж иргэд шүүмжилдэг. Харин нөгөө талд сүүлийн 8 жил "гудамжинд лааз өшиглөсөн" АН-ын гишүүд хэдэн сар ч болтугай төрд ажил хийх хэрэгтэй гэж үзэх хэсэг ч цөөнгүй.
Энэ утгаараа хамтарсан Засгийн газарт АН орсноор тус намын олон залуу гишүүд яам, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ажилд орж буй. Тухайлбал, Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргалыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хяналт хариуцсан менежерээр, П.Нүрзэдийг Улаанбаатар төмөр зам компанийн хяналт хариуцсан менежерээр, Н.Пунцагийг Эрдэнэс тавантолгой ХК-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон.
Мөн Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан Н.Жавзанпагма гэх эмэгтэйг Эрдэнэс монгол ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр, АН-ын дарга Л.Гантөмөрийн МҮАН фракцын гишүүн Б.Даваацэрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хяналт хариуцсан менежерээр өнгөрөгч арванхоёрдугаар сар /2024.12.20/-д тус бүр томилсон байдаг.
Харин эдгээрээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүмүүс болох П.Нүрзэд, Н.Пунцаг нар Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс тавантолгой гэсэн компаниудад томилогдсон байдаг. Өдгөө тэд "хяналт хариуцсан менежер" гэх ажилдаа ороод байгаа юм.
Тэгвэл Х.Баттулгын туслах Б.Саруулыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр саяхан томилсон байна. Улмаар түүнийг тус албан тушаалд удахгүй жинхлэх гэнэ.
Б.Саруулын хувьд Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2021 оноос хойш Х.Баттулгын "хувийн туслах"-ын ажлыг хийж байжээ. Мөн Б.Саруул дүүрэг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын сонгуульд нэр дэвшиж байсан аж. Тодруулбал, тэрбээр өмнө нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан бол 2024 онд Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд ялагдсан байна.
Сонирхуулахад, ЗГХЭГ-ын даргаар Н.Учрал ажиллаж байгаа бол ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Солонгоог өнгөрөгч есдүгээр сар /2024.09/-д томилсон юм. Харин Х.Баттулгын туслах Б.Саруулыг ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа нь тус газар Н.Учрал сайдаас гадна хоёр орлогч даргатай болж байгаа бололтой.
-БЯМБАДОРЖИЙН САРУУЛ ГЭЖ ХЭН БЭ-
Бямбадоржийн Саруул нь Батлан хамгаалахын их сургуулийн бэлтгэл офицерийн ангийг дэслэгч цолтойгоор төгссөн. УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК-иудын менежмент хариуцсан газрын Маркетингийн албаны дарга, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны даргын туслах, Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтнаар тус тус ажиллаж байжээ. Товчхондоо, Х.Баттулгын хувийнх нь компанид хүртэл ажиллаж байсан, итгэлт хүмүүсийнх нь нэг юм.