УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, УИХ-ын чуулганы 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 10 дугаар зүйл, УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 72 дугаар тогтоолд Төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тус тус заасан. Гэвч УИХ-ын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг тусгалгүй орхигдуулсан.
ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газартай байдаг. Манай улс хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг гүйцэтгэсээр ирсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн. 2007 онд хуулийг баталж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдсэн. Төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны байдлаар 42.5 сая тонн болж 2.8 дахин өссөн. Энэ салбарт нийт 15 мянга орчим хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байсан бол ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замуудтай нийлээд сүлжээний нийт урт 4200 км болж 3.7 дахин өсчээ. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэх тооцоолол гарч байгааг сайд тодотгосон.
Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын энэ оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөсөн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.