УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дахин сонгогдоогүй гишүүдэд 12 сарын тэтгэмж буюу 78 сая төгрөг олгох хуулийн зохицуулалттай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Тэрбээр, "1992 онд баталсан УИХ-ын тухай хуульд гишүүний нийгмийн баталгаатай холбоотой энэ заалт байсан. Энэ хууль 1992-1997 он хүртэл үйлчилсэн. 1997 онд хоёр дахь УИХ-ын тухай хууль батлагдсан. Энэ хуульд дээрх заалт арай өөрөөр батлагдсан байдаг. Өмнөх заалт дээр нь нэмээд "Зургаа хүртэлх сарын нэг удаагийн тэтгэмж олгоно" гэсэн заалт оруулсан. 2006 онд гурав дахь УИХ-ын тухай хууль батлагдсан. Энэ хуульд зургаан сар гэдгийг нь 12 сар болгон өөрчилсөн. 2006 онд баталсан хууль 2020 он хүртэл хэрэгжсэн. 2020 онд хуулиа дахин шинэчлэн батлахдаа энэ дээрх заалтыг хэвээр нь баталсан.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг өмнөх парламент 2024 оны тавдугаар сарын 24-нд баталсан. Энэ хуулийн 41.9-д "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэсэн заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй хүмүүст тэтгэмж олгох тухай заалт нь 2024 онд баталсан хуульд шинээр оруулж, гэнэтхэн гаргаад ирсэн заалт биш. Өмнөх хуулиудад байсан.
Өмнөх УИХ 76 гишүүнтэй байснаас 38 нь дахин сонгогдсон. Сонгогдоогүй 38 гишүүн бүгд энэ тэтгэмжийг аваагүй. 30 орчим нь нэг сарын тэтгэмж авсан. 12 сарын тэтгэмжийг бүхэлд нь олгодоггүй" гэжээ.